sonin.mn

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Засгийн Газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014” зөвшилцөх уулзалтын хүрээнд “Залуучууд ба Бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 3-нд Монголын залуучуудын холбооны Залуус танхимд зохион байгуулах болжээ.

Уг хэлэлцүүлгийг Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх,  залуусын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг хүлээн  авах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо,  НҮБ-ын Хүний Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү хэлэлцүүлэгт  21 аймаг, 9 дүүргийн залуучуудын төлөөлөл, залуучуудын чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид  оролцох  бөгөөд өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэж хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс гарсан санал санаачлагыг  “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014” илтгэлд тусгах юм байна.

“Залуучууд ба Бодлогын асуудлууд”  хэлэлцүүлгийг  гол ач холбогдол  нь хөдөө орон нутаг, нийслэл хотын залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуучуудад хандаж  үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын байр суурь, тэдний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид  явуулах бодлоготой танилцан цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад  чухал түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг