sonin.mn

Монголын ой судлаачид анх ойг бүртгэж тоолсноос хойш 58 дахь жилдээ иж бүрэн, шинэ аргачлалаар ой модны тооллого хийж байна. Ойн тооллогыг БОНХЯ дэмжиж, МУИС-ийн ой судлалын салбарын оюутан багш, ШУА-ийн хүрээлэнгийнхэн хамтран хийж байна гэж БОНХЯ-ны ойн мэргэжилтэн Б.Отгонсүрэн мэдээлэв.

Ойн тооллого хийхдээ өмнө нь зөвхөн багцаалдаг байв. Харин энэ удаа ойн бүтэц, хөрс, ургамлын байдал, модны төрөл гэхчлэн олон талаас нь иж бүрэн судлагаа хийж буйгаараа онцлог аж. Арга зүйн хувьд шинэ технологиор тооллого хийж байна. Ой модны тооллого нарийн хийж чаддаггүйгээс дэлхийд дансгүй явж иржээ. Улсын хэмжээнд 4200 гаруй цэгт тооллого, судлагаа явуулж байна. Ажлын явц 97 хувьтай байгаа гэж МУИС-ийн ойн салбарын багш, доктор, профессор Н.Баатарбилэг ярилаа.

Иж бүрэн судалгаа хийсний дараа манай улс дэлхийн ойн дансанд бүртгүүлэх боломжтой юм. Урьдчилсан тооллого 12 дугаар сарын эхээр дуусна. Нэгдсэн дүн нь 2015 оны эхээр гарна. Монгол Улсын ой мод ийнхүү дэлхийд данстай болох нь ээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг