sonin.mn

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар энэ сарын 3-ны орой хорих газраас оргосон. Тиймээс ШШГЕГ, ЦЕГ, Тахарын ерөнхий газрын дарга нарын тушаалаар ажлын хэсэг байгуулан тэднийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан юм.

Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 29-нд 18.00 цагийн үед сэжигтэн Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төвийн орчмоос баривчилсан байна. Харин өчигдөр 08.00 цагийн үед I хорооллын “Саппоро” орчмоос сэжигтэн Э.Вантөмөрийг баривчлав. “Хоёр сэжигтэн ууланд бүгж байсан. Хоол хүнс авахаар нийслэлд ирсэн байхад нь олж баривчилсан” гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нарыг хулгайн хэрэгт сэжигтнээр татсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Шалгаж байх явцад оргон зайлсан учраас тэдний хэрэгт “Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан” гэх зүйл анги нэмэгдэх аж.

С.Нэмэх

Эх сурвалж: