sonin.mn

Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгахаар болжээ.

Тус гэрээнд Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэснээр өмнө нь эхлүүлээд дуусгаж чадаагүй ажлаа гүйцээн хийх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх аж. Сангийн сайд Лондон дахь хөрөнгө оруулагч, сонирхогч нартай уулзаж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Засгийн газрын байр суурь, бодлого, үйл ажиллагааг таниулах, эдийн засаг санхүүгийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийг Засгийн газрын шийдвэрээр өөрчилж Сангийн яаманд эл үүргийг хариуцуулсан. Засгийн газрын энэ шийдвэрийг Сангийн яам үр дүнтэй болгохоор хэд хэдэн ажил өрнүүлжээ.

Сангийн сайд Ч.Улаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаг хугацаа бага, танилцах, суралцах сонголт байхгүй, шууд л ажилдаа орох шаардлагатай болсон. Биржийн үйл ажиллагаа доголдож, эрсдэлийн өндөр түвшинд хүрсэн байсан. Үнэндээ Хөрөнгийн бирж 1-2 сарын хугацаа алдвал дампуурлаа зарлах байдалд хүрэх байв” хэмээн тодотгожээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг