sonin.mn

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо зургадугаар сарын 15-наас эхлэн бүтэн дөрвөн сар шахам гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид, Монгол түмнийхээ сонор мэлмийг мялааж, эх орныхоо нүүр царайг тив дэлхийн 60 гаруй улс орны үзэгчдэд сурталчиллаа.

Тус тоглолтыг гадаад дотоодын 15000 гаруй үзэгч үзэж сонирхсон юм. Зуны турш үргэлжилсэн энэхүү тоглолтын хаалт энэ сарын 25-нд тус чуулгын тайзнаа болно.

Тоглолтод Үндэсний хөгжмийн их найрлын  60 гаруй хөгжимчин, “Зууны манлай” бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит 50 гаруй бүжигчин, ардын урт, богино дуу, магтаал ерөөл, хөөмэйн язгуурын төрөл бүхий 30 орчим дуучин, хөөмэйчдийн бүрэлдэхүүнтэйгэээр ардын урлагийн бүхий л төрлийг багтааж нийт 150 шахам уран бүтээлчид оролцож байна.

Зуны турш  гадаад дотоод үзэгчдийг байлдан дагуулсан Монгол түмний нэрийн хуудас болсон үндэсний урлагийн тоглолт ийнхүү өндөрлөж байгаа юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг