sonin.mn

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/ дэргэдээ эмнэлэгтэй болох анхны шаваа тавилаа. Дэлхийн ихэнх анагаахын их, дээд сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байх жишиг тогтсон.

Энэ дагуу өнгөрсөн жилээс Японы анагаахын сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар ярилцаж, энэ жилээс хэрэгжүүлэх болсноо АШУҮИС-ийн дэд захирал, доктор Б.Амарсайхан мэдээлэв.

Монгол Улсаас жилд 60-70 мянган хүн гадаадад эмчлүүлэхээр 650 гаруй сая доллар халааслаад явдаг. Энэхүү гадагшаа гарах мөнгөний урсгалыг зогсоохын тулд гадны хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулах нь чухал. АШУҮИС  японы хөрөнгө оруулалтаар дэргэдээ ийнхүү  эмнэлэгтэй болсноор гадаад руу эмчлүүлэх явдал буурна гэж үзэж байна.

Хуучин Ботаникийн хүрээлэнгийн баруун талд 8 га газар олгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргажээ. 2017 онд эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах юм. Энэ эмнэлэгт ажиллах эмч, багш нарыг японд 1-3 сар хугацаагаар сургах аж.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг