sonin.mn

ВАШИНГТОН. /France-Press/. Америкийн сэтгүүлчид болох Жеймс Фоули, Стивен Сотлофф нарыг хулгайлсан болон хөнөөхөд оролцсон хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл шагнах тухай хуулийн төслийг АНУ-ын Сенатын тахимын гишүүд санал нэгтэйгээр баталжээ. Мөнгөн шагналыг 10 сая хүртэл доллароор тогтоож магадгүй байна.

“Гэмт этгээдүүдийг хариуцлагад татах нь Жеймс Фоули, Стивен Сотлофф нарын дурсгалыг хүндэтгэх нэг арга юм. Ингэхийн тулд дээрх арга хэмжээ бидэнд тус болно” гэж Флорида муж улсаас сонгогдсон, Сенатын гишүүн Марко Рубио мэдэгджээ. Тэрбээр “сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шийтгэлгүй үлдээхгүйн тулд АНУ бүх чадлаараа чармайна гэдгийг“ дэлхий нийтэд харуулах ёстой гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Хуулийн төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад танилцуулахаас өмнө Конгрессын Төлөөлөгчдийн танхим батлах ёстой аж.

Хоёр жил сураггүй алга болсонд тооцогдож байсан Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазаар авч буй бичлэгийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид наймдугаар сарын 20-нд шилжих шөнө интернэтэд байрлуулсан юм.

Үүний дараахан Америкийн эрх баригчид дүрс бичлэг жинхэнэ болохыг мэдэгдсэн билээ. Хэрэв өөрсдийнх нь байрлалд агаараас өгч буй цохилтоо зогсоохгүй бол Сотлоффыг хөнөөнө гэж босогчид Фоулигийн амийг хөнөөсний дараа сүрдүүлсэн.

Лалын шашинтнууд сүрдүүлгээ биелүүлж, “Timе” болон “Foreign Policy” сэтгүүлийн чөлөөт сэтгүүлч Сотлоффыг цаазаар авч буй бичлэгийг есдүгээр сарын 2-нд интернэтэд байрлуулсан билээ. Тэрбээр 2013 онд Сирид сураггүй болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг