sonin.mn

Хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд  бүтээлийн уралдаан зарлаж дүгнэлээ.

Уралдаанд нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн. Үүнээс 125 бүтээл шалгаруулж авахыг зорьсон ч шалгуурт  49 уран бүтээлчийн 61 бүтээл тэнцжээ. Эдгээр уран бүтээлчдийг өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн батламж гардуулсан юм.

Энэ үеэр Л.Гантөмөр сайд зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн төлөө цаг зав гарган тэдэнд зориулсан бүтээл туурвисанд нь баяр  хүргээд "Цаашдаа  ч  цаг зав гарган зохиол бичиж өгөөрэй" гэж хүссэн юм. Мөн энэ үеэр хүүхдийн зохиолч Ж.Дашдондог "Зохиолчдын дунд ийм уралдаан зарласан нь Монголын хүүхдийн уран зохиолд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна.

Учир нь, би өмнө нь олон уралдаанд оролцож байсан. Дандаа том хүмүүс шүүдэг учраас дандаа лобби орж ирдэг  байсан. Харин энэ удаа бидний бүтээлийг хүүхдүүд өөрсдөө уншиж шалгаруулсан нь хамгийн сайн. Хүүхэд шиг шударга хүмүүс байдаггүй учраас л  бид хүүхдийг бурхан гэж шүтэж явдаг. Тэдний шүүж гаргаж ирсэн зүйл дээр бид ямар ч гомдол гаргах эрхгүй" хэмээн онцлоод дараагийн уралдаанд зурагт номын төрөл оруулж өгөхийг. БШУ-ны сайдаас хүслээ.

Хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны танилцуулга

Нэг. Уралдааны зорилго
Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Ном" дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд 2 сарын хугацаатай зарлаж дүгнэлээ.

Хоёр. Бүтээлд тавьсан шаардлага
1.  Бүтээлийн үзэл санаа ньхүүхэд үндэсний ёс заншил, түүх соёлоо танин мэдэх, бахархах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үнэт зүйлийг ухааран ойлгох бусадтай нийгэмшин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.
2.  Бүтээлээр дэвшүүлсэн асуудал нь орчин цагийн дэлхий ертөнц, хүмүүний амьдралын дүр төрх, тулгамдсан асуудал, түүнд хандах сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж,хүүхдэд асуудлыг эерэгээр шийдвэрлэх санал, тодорхой сургамжийг өгсөн байна.
3.  Бүтээлийн утга агуулга нь хүүхэд өөрөө бие даан байгаль, нийгмийн амьдралын мөн чанарыг ухааран өөртөө болон гэр бүл, нийгмийн амьдрал, ирээдүйдээ итгэх итгэл,  урам зоригийг олж авахуйц байна.
4.  Бүтээл нь хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжилд бүтээлч нөлөө үзүүлэхүйц, сонирхолтой,хэл найруулгын хувьд төгс төгөлдөр байвал зохино.    

Гурав. Шалгаруулах бүтээлийн төрөл, тоо, урамшуулал
1.  Роман                         5 бүтээл авахаас 1    тус бүр 4 сая төгрөг
2.  Тууж                           10 бүтээл  авахаас 4  тус бүр 3 сая төгрөг
3.  Баримтат өгүүлэл        15 бүтээл  авахаас 4  тус бүр 2 сая төгрөг
4.  Өгүүллэг                     25 бүтээл авахаас 21  тус бүр 2 сая төгрөг
5.  Яруу найраг                30 бүтээл авахаас 17  тус бүр 1 сая төгрөг
6.  Орчуулгын зохиол           a.  Роман   5 бүтээл авахаас 3   тус бүр 2.5 сая төгрөг
                                            b.  Тууж    10 бүтээл авахаас 2 тус бүр 1.5 сая төгрөг
                                            c.  Өгүүллэг   25 бүтээл авахаас 9 тус бүр 500.0 төгрөг
                                            d.  Нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн бөгөөд 125 бүтээл шалгаруулж авахаас 49 уран бүтээлчийн 61 бүтээл шалгарлаа.

Дөрөв. Бүтээл нь шалгарсан уран бүтээлчид
Хамгийн ахмад нь 82 настай Б.Бадам, хамгийн залуу нь 19 настай Л.Мөнхцэцэг. 16 эмэгтэй, 33 эрэгтэй уран бүтээлч байна. Ардын уран зохиолч 1, төрийн соёрхолт 2, соёлын гавьяат зүтгэлтэн 5, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч 1 байна. ЕБС-ийн багш 10, хөдөө орон нутгаас оролцсон 10, Америкаас бүтээлээ ирүүлсэн 1 уран бүтээлч байна. Зураач хүн 13 байна. 7 бүтээл нь шалгарсан уран бүтээлч 1, 2 бүтээл нь шалгарсан уран бүтээлч 5 байна.

Тав. Бүтээлийн агуулга
Шалгарсан нийт бүтээлийн 25 хувь нь эх нутгийн, 10 хувь нь ээж, аавын, 20 хувь нь түүхэн, 15 хувь нь үлгэрийн,  10 хувь нь хүүхдийн, 20 хувь нь аж байдлын сэдэвтэй бүтээл байна. Хамгийн сонин сэдэвтэй нь Б.Анармаагийн муурны тухай,  Э.Амарзаяагийн анахайны тухай, Б.Ганчимэгийн ялааны тухай, Н.Мандалын чулууны тухай өгүүллэг, хамгийн том хэмжээтэй бүтээл нь 178 хуудастай, хамгийн бага хэмжээтэй бүтээл нь 15 мөртэй. Хэлбэрийн хувьд маш сонирхолтой нь О.Элбэгтөгсийн "Эрвээхий" шүлэг.

Зургаа. Шилдгийн шилдэг бүтээл
Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү Модуны анд Улаадай" роман, Ж.Ганзориг "Анудай" тууж, Б.Анармаагийн "Манжуухай" өгүүллэг,  Э.Амарзаяа "Жаалхүү ба анахайнууд" өгүүллэг, Н.Мандал "Баяртай чулуудай" өгүүллэг, Д.Урианхай "Цонхонд минь шавж буудаг бор шувууд" Л.Мөнхцэцэг  "Би зүгээр л төсөөлдөг" Л.Ганзул "Ээжийгээ энэлэн дурсахуйн шүлэг" О.Элбэгтөгс "Эрвээхий" шүлэг, Д.Оюунчимэг "Жороо мустанг" орчуулгын өгүүллэг.

Долоо. Нийт бүтээлийн чинсаа, уралдааны сургамж
Орчуулын бүтээлийн чансаа хамгийн сайн байгаа бол хүүхдэд зориулсан баримтат өгүүллэг, яруу найргийн зохиолын түвшин хангалттгүй байна. Уралдаанд ирүүлсэн ихэнх бүтээл хүүхдийн оюун сэтгэхүйн хөгжлөөс хоцорсон, сэтгэц нийгэмшихүйн хэрэгцээнд нийцээгүй, сургамжилж, зааварласан, хөгжил хүмүүжлийн нэг хэв загварыг санал болгосон агуулга, үзэл санаа, найруулгын хэв маягтай байна.

Найм. Уралдааны онцлог, үр дүн
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлэхэд 1-р шатанд 250 хүүхэд оролцож, үнэлгээний онооны дийлэнхийг тэд бүрдүүлсэн. 2-р шатанд мэргэжлийн хүмүүс, докторууд, 3-р шатанд багш нар уншсан нь уралдааны үнэлгээг шударга бөгөөд өндөр шаардлагатай болоход гол нөлөөг үзүүллээ.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийн 80 орчим хувийг бүтээл нь олны танил болоогүй залуу уран бүтээлчдийн бүтээл эзэлж байна. 8 төрөл тус бүрээр сурах бичиг, гарын авлагад ашиглах, эмхэтгэл хийхэд хүрэлцэхүйц хэмжээний бүтээлийн сантай болоод байна.