sonin.mn

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 9 дүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний явцад хяналт, үнэлгээ хийж эхэллээ.

Одоогийн байдлаар 7 сум, 3 өрхийн ЭМТ-д удирдамжийн дагуу хяналт үнэлгээг хийж дууссан, 2 өрхийн ЭМТ, 6 сумын ЭМТ-д хяналт, үнэлгээ хийгдэж байна.

Хяналт, үнэлгээний чиглэл:
- Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний чиглэлээр ЭМГ-ын даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт,

- Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт,

- “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд иргэдтэй уулзаж асуумж авах,

- Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх

“Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагын тараалтын хувь сумын ЭМТ-үүдийн түвшинд 60-80 орчим хувьтай, өрхийн ЭМТ-үүдийн түвшинд 85-95 орчим хувьтай байна.

Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт ЭМТ-үүдэд 40-65 орчим хувьтай байна.

Санхүүгийн зарцуулалтын хувьд бүх эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байна.

Нийт эрүүл мэндийн байгууллага тус бүрт 40-60 орчим иргэнтэй уулзаж, “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагын хүрээнд тусгай боловсруулсан асуумжаар хариулт авч үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр сумын ЭМТ-үүдийн түвшинд 100 хувь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, өрхийн ЭМТ-үүдийн түвшинд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд гарын авлагыг тараасан байна. Гарын авлагыг 48 хувь нь тодорхой танилцуулж өгсөн, 32 хувь нь уншаарай, амьдралдаа хэвшүүлээрэй, эргэж шалгаж асууна шүү гэсэн байдлаар өгсөн, 2 хувь нь эзгүй үед нь хажуугийн айлд нь орхисон, 18 хувь нь гарын авлагыг аваагүй байсан.

Сумын ЭМТ-үүдийн хувьд Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал одоогоор байхгүй байна. Өрхийн ЭМТ-үүдийн хувьд хүний нөөц дутагдалтай, ажлын бус цагаар ажиллаж гарын авлагыг тараасан, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хугацаа давчуу, сургалт хийх орчин нөхцөл муу гэсэн тулгамдсан асуудлууд байна.

Хяналт, үнэлгээний баг нийт эрүүл мэндийн байгууллагуудад тухай бүр хяналт, үнэлгээний дүнгийн хурлыг хийж, хяналт үнэлгээний дүнг танилцуулан, цаашид Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаа.