sonin.mn

М.Жигжид заан 1888 оны орчим Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг болох Асгат хэмээх газар мэндэлжээ. Мөнхцогтынх хөрөнгө чинээ багатай айл байсан учир Жигжид багаасаа хар бор ажил хийж өсчээ.

Тэрээр залуу идэр наснаасаа нутгийн ахмад хүмүүсийг дагаж ууланд түлээ мод бэлтгэх, тэмээн аян жинд алс хол Бээжин хүртэл явж хүнд хүчир ажил хийж байсан нь биеийн өсөлт хөгжилтөнд нөлөөлж хүч тэнхээ сууж эхэлсэн байна. Жигжид 190 см орчим өндөр хүн байжээ.

Тэрээр хэзээ хойно өөрөөсөө 20 орчим насаар дүү Соль гэдэг нэлээд биерхүү хүч тэнхээтэй хүүхэнтэй гэр бүл болж 4 хүү, 2 охинтой болжээ. Жигжидийн хүүхдүүд
Дугаржанцан, Бадарч, Дэнсмаа, Доржжүгдэр, Пүрэвдорж, Манчинхүү нар юм. М.Жигжид нь эсэргүүний цэрэгт оролцохгүй гэж ууланд бүгэж, мод бэлтгэж, агуйд нуугдаж өнгөрөөжээ.

Түүний нуугдсан агуйн амыг эхнэр Соль нь том чулуугаар таглаж байсан нь барагтай хүн өргөчихөөргүй том чулуу байсан байна. М.Жигжид нь бага залуу наснаасаа барилдаж орон нутгийн овоо тахилга, хошууны наадмын түрүүг олон удаа хүртэж байжээ. Жалханз хутагт Дамдинбазар Хун-Цэн уулыг тахиж 1913 онд Бүрэнтогтох уул гэж нэрлэсэн тахилгын том наадамд түрүүлж байсан байна.

Мөн Түшээтхан, Шавь хоёр нийлсэн тусгай даншиг наадамд нэг удаа нутгаасаа очиж барилдан долоо давж Даншигийн заан цол хүртжээ. Жигжид зааныхан шулуун шударга зан авиртай айл саахалтынхандаа тусархаг, ажилсаг, нөхөрсөг хүмүүс байсан байна. М.Жигжид заан 1940 оны дунд үе хүртэл амьдарч байгаад бурханы оронд заларчээ.

Жигжид зааны ач үрс нь бөхийн удмаа таслалгүй барилдсаар ард түмнээ баясгасаар явнаа. Зааны том хүү Дугаржанцан 1952, 1955 оны аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлсэн бөх юм. Мөн түүний дунд хүү Пүрэвдорж 1962 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж, 1966 онд үзүүрлэсэн а/а цолтой бөх юм. Дугаржанцан арслангийн хоёр хүү Чулуунбаатар, Ганхуяг нар а/н цолтой.

Ер нь Жигжид зааны удмынхан биерхэг өндөр чацтай хүч чадалтай хүмүүс юм. Жигжид зааны бага охин Манчинхүү ч том биерхэг хүч чадалтай эмэгтэй байжээ. Манчинхүүгийн хамгийн бага хүүхдийн хүү Мөнхбаяр сумын заан цолтой бөх юм. М.Жигжид зааны бага охин Манчинхүүгийн төрсөн охин Амарсайхан нь Хөвсгөл аймгийн гүйцэтгэх захиргааны байгаль орчны албанд ажиллаж байсан ба одоо Хөвсгөл далайн “Баян-Улаан" амралтын газрыг ажлуулж байна.

Түүний нөхөр Д.Батчулуун Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан ба одоо Хөвсгөл аймгийн тээвэр авто замын газрын даргаар ажиллаж байна. Д.Батчулуун ивээн тэтгэж 2008 оны 7-р сарын 3-нд М.Жигжид зааны дурсгалыг хүндэтгэж бэсрэг наадам зохион байгуулж тухайн үеийн Бүрэнтогтох сумын засаг дарга Ж.Пүрэвжал тэргүүтэй сумын тамгын газрын хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сургууль, цэцэрлэгийн удидлагууд бүгд оролцсон өргөн дэлгэр сайхан наадам хийж, гурван насны морьд уралдуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулж энэ бөхийн барилдаанд М.Жигжид зааны том охин Дэнсмаагийн хүүгийн хүү (2004 оны аймгийн баяр наадамд түрүүлсэн) а/а Мөнх-Эрдэний Энхтайван түрүүлж байжзэ.

Энэ бэсрэг наадмын үеэр нутгийн унаган иргэн 80 гаруй настай Жамъян-Рис гуай М.Жигжид зааны тухай хуучлахдаа:

-Шинээр барьж байсан дүнзэн байшингийнхаа тэгш, хазгайг үзэхдээ 4-6м урттай ЗО см диаметртэй цавчсан нойтон хар модыг гарын үзүүрээр өргөн тавьж хэмжиж үзэж байлаа.

-Эхнэрээ төрүүлэхдээ хүүхэд адил өвөр дээрээ өргөн суулгаж төрүүлж байжээ.

-Хязаалан, соёолон насны үрээг хөнгөлөхдөө хөлийг нь тушилгүйгээр шууд барьж байгаад засч байжээ.

-Мөн наадмын сорилгод бэлтгэхдээ том чулууг эмээлтэй мориныхоо хоёр талд ээлжлэн гарч дээгүүр нь шидэж байхад нь эхнэр Соль нь эмээлийн хяр эвдчихэв гэж уцаарлаж байсан тухай өгүүлжээ.

М.Жигжид зааны наадмын бэлтгэлд сорилго болгон шидэж байсан чулууг нь энэ бэсрэг наадмын үеэр дурсгал болгон хоёр модон хашаа барьж, хөшөө босгож түүний төрсөн нутаг Асгат гэдэг газар байрлуулжээ.

Хүчит заан М.Жигжидийн бэлтгэл сорилгондоо хэрэглэж байсан чулуу нь 200 гаруй кг жинтэй том чулуу байна. Жигжид зааны бэлтгэлдээ хэрэглэж байсан чулуу болон хөшөөний зургийг авч явуулав.

Харин М.Жигжид зааны аймгийн бөхийн өргөөний самбарт байрлуулж байсан нэрийг тодруулан, сэргээн бичих, нутагт нь байгаа хөшөөнд нь бичсэн үг үсгийн найрлагыг шинэчилэн засаж залруулан түүний ач гуч нарт энэ далимд уламжилая.

Н.Батмөнх

Эх сурвалж: "Бөх" сонин