sonin.mn

Амралтын хоёр бүтэн өдөртэй, ажлын найман цагтай амьдарч байгаа атал ар гэртэй холбоотой гэмээр амжуулж чаддаггүй ажил зөндөө байдаг. Банкинд карт захиалаад авахаар очсон ч, хорооноос тодорхойлолт авсан ч, эмнэлэгт шинжилгээ өгөх болсон ч ажлын бүтэн өдөр зориулах шаардлага гарах юм.

Учир нь цөмөөрөө нэг цагт ажилдаа очиж, адил цагт хоолондоо орж, орой гэртээ нэгэн зэрэг харьдагт байгаа юм. Үүнийг бүгдээрээ мэддэг боловч өөрчлөгдөхгүй байсаар өдий хүрлээ.

Төрийн албан хаагчийг нийтийн үйлчилгээний ажилтан гэж нэрлэдэг болсон боловч тэднийг шүүсийг нь гартал бүрэн ашиглаж чадахгүй байна. Төрийн үйлчилгээний олныг алийг нь хэлж барахав.

Тиймээс цайны цагаараа тааруулаад аль нэг газар нь очиход мөн л "цайны цаг" гээч нь таараад гараад явчихсан байх жишээтэй. Сургууль, цэцэрлэгүүд ажлын цаг дуусахаас өмнө тардаг. Тийм болохоор гэр бүлийн хоёрын аль нэг нь үр хүүхдээ бодоод гэртээ суух шаардлага гарч байгаа юм.

Зөвхөн иймхэн шалтгаанаар л өдий төдий ажиллах хүч нийгэмд үүргээ гүйцэтгэхгүй гэртээ хадагдаж байна. Манай улс ядахнаа азийн шинэ тутам хүчирхэгжиж байгаа орнуудын зиндаанд хурдан очмоор байвал бүх хүчээ дайчлах шаардлагатай байлтай.

Японы нэг иргэн манай улсад ирчихээд гудамжаар багшрах хүмүүсийг хараад "Танайх цөмөөрөө ажилгүйчүүд юм уу" гэж асуусан юм гэнэлээ. Уг нь ажилтай хүмүүс боловч ажлаа таслаад явж байгаа нь тэр л дээ.

Хүний нийгэм гэдэг хүнээ бодсон байх ёстой. Тэгэхдээ ажиллаж байгаа хүмүүсээ ч бас бодно. Ингэхийн тулд ээлж, дараатай эмх цэгцтэй байхад л болчихно. Гэвч ажлыг автоматаар хэмжиж бүгдээрээ робот мэт зэрэг хөдөлгөөн хийх нь амьдралыг улам ээдрээтэй замбараагүй болгоод байгаа мэт санагдах юм.

Ж.Энх

Эх сурвалж: