sonin.mn

Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь үүсгэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойн түүхэн баярыг тохиолдуулан хандивын тоглолтыг энэ сарын 24-нд UB паласын концертын их танхимд зохион байгуулна.

Тоглолтод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ З.Жарантав, Т.Ариунаа, Ч.Бат-Эрдэнэ, уртын дуучин СТА Я.Болорчимэг болон ардын урлагийн “Хөсөгтөн”, “Жонон” хамтлаг, поп опера “Uvertura”, “Motive” хамтлаг болон Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Өнөр бүл төвийн Өнөр бүл чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Ойн баярын хурал, концерт нь энэ сарын 10-нд Соёлын төв өргөөнд болох юм.

Тус төв нь улсын хэмжээнд бүтэн өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, хориход ял эдэлж байгаа, сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, хүүхдээ асран халамжлах боломжгүй гэр бүлийн төрөөс зайлшгүй асрамж, халамж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд асрамж, халамж, хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг улсын асрамж, халамжийн цорын ганц байгууллага юм. Тус төвийг 730 гаруй хүүхэд төгсч амьдралд хөл тавьсан бол одоо 210 хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байгаа юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг