sonin.mn

Улсын хэмжээнд 3000 гаруй цэцэрлэг хэрэгтэй байна гэж БШУ-ны сайд энэ намрын сургууль, цэцэрлэгийн нээлтийн үеэр хэлж байсан. Шинэ цэцэрлэг барихаасаа илүү хуучин ашиглаж байсан цэцэрлэг яслийн барилгуудаа буцаан авбал багагүй нөөц боломж байгааг ч иргэд тус яам болон Нийслэлийн боловсролын газарт ихээр мэдээлэх болжээ.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас гаргасан судалгааг үзэхүл, хэд хэдэн дүүрэгт "Булаалгасан цэцэрлэгээ буцаан авах бололцоотой"  гэж иргэд үзжээ.

Цэцэрлэгийн байшинг зориулалтын бусаар ашиглаж байгаа газруудыг судлаад үзэхэд одоогоор Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 150 хүүхдийн цэцэрлэгийн байранд "Ароно" шүдний эмнэлэг, гуравдугаар хорооны 150 хүүхдийн цэцэрлэгийн байрыг агуулах болгосон бол Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 280 хүүхдийн цэцэрлэгийн байр, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны цэцэрлэгийн байр тодорхой ашиглалтгүй, байгаа нь илэрчээ. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хуучин яслийн байрыг мөн л зориулалтын бусаар ашиглаж байна. 1956 онд барьсан уг цэцэрлэгийн өргөтгөлд одоогоор цэцэрлэг байгаа хэдий ч эдний хороонд олон хороолол шинээр барьсан учраас цэцэрлэгт хамрах хүүхдийн тоо эрс өссөн.

Цэцэрлэгүүдийн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж буй талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс лавлавал, энэ асуудлыг бид удахгүй засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх гэж байгаа.  Ер нь сул талбай, газруудыг эн түрүүнд цэцэрлэг, сургуулиудад зориулах асуудлыг ч шийдвэрлэнэ гэлээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг