sonin.mn

Монголчуудыг туйлшрамтгай, мухар сүсэгт автахдаа амархан гэдэг. Хаанаас хэн оруулж ирж байгааг нь мэдэхгүй мөртлөө хүмүүсийн "Сайн" гэж хэлсэн бараа бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчихнэ. Бас утга учрыг нь бүрэн ойлгоогүй мөртлөө энд тэндхийн бясалгал, шашны цуглаанд хамрагдана.

Ийм л туйлшрамтгай эсвэл бүр дэндүү итгэмтгий гэмээр хүмүүсийг олоод ир гэвэл монголчууд яг тохирох байх. Манай улсад бурхны шашны эд зүйл зардаг газар олон улсын "Нарантуул" худалдааны төвөөсөө эхлээд захын мухлагт ч байдаг. Тэнд шашны холбогдолтой эд хэрэглэл ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг борлуулдаг.

Хадаг, арц, хүж, олон өнгийн эрхи, сангийн бойпор гээд хөвөрч өгнө. Үүн дээр нэмээд мөнгөтэй болгодог зоос, ханийн заяа дууддаг олон төрлийн эд, эдлэл зэрэг элдэв зүйл нэмэгдэнэ.

Хөрөнгө мөнгөтэй болох, сайн ханьтай ханилахыг хүсдэггүй хүн гэж үгүй байх. Гэтэл хүмүүсийн итгэмтгий, гэнэн занг ашиглаж урд хөршийн ах нар даажигнадаг болжээ.

Тухайлбал, мөнгөтэй болгодог гэж сүсэглэдэг улаан туузаар нандигнан багцалсан гурван зоосон дээр нь "Бүү цадаг" хэмээн уйгаржин бичгээр бичсэн байх юм. Түүнийг нь манайхан жигтэйхэн нандигнан түрийвчиндээ хийдэг шүү дээ.

Ядаж байхад сүүлийн хэдэн жил уйгаржин бичгээ танихгүй болтлоо "хөгжсөн" бид ингэж л хүмүүсийн доог тохуу болж байна. Хэрвээ санаж байгаа бол хүмүүсийн хошууран хатгаад байгаа "Мөнгөний мод"-ны оёдог ембүүн дээр мөн л ийм агуулгатай үгийг ханз үсгээр бичсэн байсан.

Ингэж бид гадныхны хараасан эд хэрэглэлийг биедээ, гэртээ нандигнаж дээдэлсээр байна. Үүний оронд төрсөн нутаг, аав, ээжийнхээ зургийг биедээ авч явбал өлзийтэй биз ээ.

Б.Сийлэн

Эх сурвалж: