sonin.mn

Баруун аймгаас сонин, содон мэдээ сонслоо. Янгир олноороо хамуурч байна гэнэ. БОНХЯ-ны Байгаль орчин хамгаалах газрын дарга М.Хүрэлсүхээс байдлыг лавлавал "Бид мэдээ аваад Ховд, Увс аймгийн Зоонозын өвчин судлалынхантай холбогдож арга хэмжээ авах талаар ярилцсан" гэлээ.

Ховд аймгийн Мянгад сумын Чацаргана багийн нутаг дахь Алтанхөхий уулын Хэц хэмээх газраас 3 янгир үхсэн байхыг малчид олоод аймгийнхаа Зооноз өвчин судлалынханд мэдэгджээ.

Сэг зэмд шинжилгээ хийж үзэхэд хамууны хачиг олноор гарчээ. Уг мэдээллийг орон нутагтаа яриад өнгөрсөн ч саяхнаас Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт хамуурсан янгир үзэгдэх болов. Малчид малаа хамуурахаас сэргийлэн утаа май тавьж, байнгын хариулгатай болгоод байна. Гэвч хамуурсан янгир мал руу орж магадгүй тул сэрэмжтэй байхыг дээрх аймгийн Зооноз өвчин судлалынхан анхааруулж байна.

Янгир яагаад хамуурсныг орон нутгийнхан тайлбарлахдаа, онгон зэлүүд бэлчээр, нутагггүй болсноос гадна байгалийн бохирдолтой, уул уурхайн ухмал, химийн элдэв бодисын хаягдлаас болж хамуурч байж магадгүй гэцгээж байна. Мөн байгалийн тэнцвэртэй байдлын эрс өөрчлөлт ч зэрлэг амьтдад нөлөөлж буйн дохио гэлтэй.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг