sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Украины зүүн нутагт энэ оны дөрөвдүгээр сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 3100 давж, 8000 гаруй хүн шархаджээ. Энэ тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах удирдах газрын илтгэлд дурдсан байна.

“Украины зүүн нутагт есдүгээр сарын 11-ний байдлаар 3171 хүн амиа алдсаны 27 нь хүүхэд бөгөөд 8061 хүн, тэдний дотор, 56 хүүхэд шархадсан байна” гэж баримт бичигт дурджээ.

Украины цэргүүд болон босогчид хоорондын зөрчилдөөний улмаас орон гэрээ орхихоос аргагүйд хүрч, дотооддоо шилжин суурьшсан хүний тоо 263 мянга болж өссөн байна. Мөн 366900 хүн хөрш орнууд руу дүрвэснээс 325 900 нь Орос руу гарчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг