sonin.mn

Энэ нийгэмд “Арай ч дээ” гэмээр зүйл олон. Тэр олон “Арай ч дээ”-гийн нэг нь Монгол Улс дээд боловсролтонгоор дүүр­чих­сэн гэхэд болно. Хаана л очно их, дээд сур­гууль төгсч дээд боловсрол эзэмш­сэн хүмүүс. Цайны газрын цэ­вэрлэгч, захын най­маачид, тэр ч бүү хэл Улаан­чулуу­тын хогийн цэг дээр амьдарч буй насанд хүрсэн хүмүүсийн таван хүний гурав нь ямар нэгэн аргаар дээд боловсрол эзэмшсэн байдаг.

Энд ард иргэдийг хийсэн ажлаар нь ялгаварлаагүйг уншигч та ухаарна биз. Ардчилал зах зээлд шил­жээд 25 дахь жилтэйгээ зогоод буй монголчууд нэг л мэдэхэд баян хоосны ялгаа мэдлэг боловсролоос хамаарахгүйгээр асар зааг­тай болчихож. Сүүлийн ар­ван жилд боловсролгүй эрх мэдэлтний тоо, боловсролтой ядуучуудын тоо хоёр л өссөн байна.

Энэ бүхэн юунаас болов. Монголд сүүлийн 20-иод жилд шар сонин, ху­вийн сургуулийн бизнес хоёр хүчээ авсан юм. Хэнд ч хэрэггүй мэдээлэл тараадаг шар сонингууд, мэдлэггүй хүмүүст диплом бөөндсөн их дээд сургуулиуд л олширсон.

Харин нийгмийн шуурганд түмний халаасаар түрийвчээ дүүргэж байсан хувийн сур­гуулиуд дампуурсан. Дээд боловсролоор бизнес хийж байсан олон хүн цаг хугацааны шалгуурт бүдэрсэн.

Тэдний нэг нь “Цахим өртөө” дээд сургууль. Тус сургуулийг дампууруулсан хүн нь Ц.Буянцогтоо. Гэтэл тэрбээр ШУТИС-ийн ТУЗ-ийн даргын суудал дээр заларч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байх юм.

Анх түүнийг мэдэх хү­мүүс арай үгүй байлгүй дээ. Боловсролын салбарт “А” үсэг мэдэхгүй хүн тийм том сургуулийн ТУЗ-ийн дарга болно гэж юу байх вэ гэж байсан. Гэтэл аль хэдийн тэнд оччихсон оюутны сургалтын төлбөрөөс 100 сая төгрөг өөртөө төсөвлөчихсөн манаргаж явааг тус сургуулийн багш нар ч эсэргүүцээд дийлэхгүй байна.

Ёстой л “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр” Ц.Буянцогтоо дээд боловсролыг шинэчлэнэ гэж хэдэн жилийн өмнө оодорч байсан. Дээд боловсролыг яг шинчлэх гэж байсан чинь өөрийнх нь “Цахим өртөө” дээд сургууль дампуур­чих­сан. Яг “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг. Угаасаа хувийн бизнес нь шахуу байсан дээд сургуулиа аваад явж чадахгүй хүн юу гэж дээд боловсролын сал­барт шинэчлэл хийх вэ дээ. Монголчууд ярьдаг, “Саваагүй нохой саранд хуцна” гэдэг шиг л юм болоод байна.

“Цахим өртөө” дээд сур­гууль ч дампуурлаа, оюут­нууд нь бослого хийж Ц.Буянцогтоо ч “Аавын хаалга” татахаар боллоо. Харин түүнийг нааран дээр биш наранд амьдруулсан ганц газар нь ШУТИС юм. Товчхондоо тэрбээр “Засаг хэрэглээ” рүү явахаа шахаж, БШУЯ энэ тэрээр гүйсээр байж хэдэн оюутнаа ШУТИС-д шургуулж бүтэн амьсгалахтай болсон гэсэн үг.

Энэ мэтээр боловсролын салбарын нэр хүндийг сэв­түүлж явсан нөхөр. Бас болоогүй хэсэг хугацааны дараа “Цахим өртөө” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ байгууллагаараа яам­наас ч ихээхэн мөнгө цохьсон сурагтай. Мөнгөтэй болонгуутаа нэг хэсэг “Цахим улстөр” ярьж эхэл­сэн. Бүр ном ч гаргасан байх шүү.

Энэ мэтээр бүжигнуулж явсаар УИХ-ын дарга З.Энхболдын “суга”-нд очсон. Одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажилладаг. Өөрөөр хэлбэл аль ч засгийн үед тал алдахгүй явж албан тушаалтай үлддэг түүнийг УИХ-ын дарга З.Энхболд хажуу хавиргандаа хав­чуулан байж ШУТИС-ийн ТУЗ-ийн даргаар томил­сон гэдгийг ч түүнийг мэдэх хүмүүс хэлж буй юм.

Харин тус сургуулийнхан ШУТИС-ийг “Цахим өртөө” дээд сургуулийн араас оруулчих вий гэж халаглаж байна. Гурав дөрөвхөн үндсэн багштай гуч дөчөөдхөн оюутантай хувийн сургуулиа олигтойхон аваад явчихаж чадаагүй нөхөр 30 гаруй мянган оюутантай 3000 шахуу багш ажилтантай ШУТИС гэх том айлыг аваад явна гэдэг юу л бол.

Үнэнийг хэлэхэд “Цахим өртөө” дээд сургуулийг дам­пууруулж олон оюутанг хохироосон, төрийн бус бай­гууллагын нэрээр төрийн байгууллагаас хөрөнгөжсөн, ШУТИС-ийн оюутны төл­бөрөөс 100 сая төгрөгийг өөртөө зарцуулахаар болсон гэх зэргийг л дурьдахад ШУТИС-д биш “аавынд” л байх болоод байгаа юм.

Р.Саруул

Эх сурвалж: