sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ажаа гэгээнийг “Алтан гадас” одонгоор шагнахаар шийдвэрлэж шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулав.

Түүнийг шагналаа авах үед хэвлэлийнхэн энэхүү шагналын утга агуулгыг хэрхэн ойлгож хүлээж авч байгааг сонирхов. Тэрбээр, “Маш их баярлалаа. Өнөөдрийн билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулсанд маш их баярлаж байна.

Би Монголд цусны хавдараар өвчилсөн хүүхдүүдэд зориулж эмнэлэг барьсан. Энэ нь ганц миний хийсэн ажил  биш, олон нийт ард түмний буян. Энэ бол миний гараар дамжиж бүтээгдсэн юм. Тэгэхээр энэ шагнал олон нийтийн төлөө авч байгаа шагнал гэж бодож байна” гэв.

Ажаа гэгээн нь Улаанбаатар хотноо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төв”-ийг сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан билээ.  

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг