sonin.mn

Монгол Оросын иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөрөөс тодрууллаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан асуудал бол иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хоёр улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан явдал. Иргэд хэлэлцээрт гарын үсэг зурангуут визгүй боллоо гэж ойлгодог. Энэ хэлэлцээр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан нэг чухал хэлэлцээр бол иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Засгийн Газар хоорондын хэлэлцээр юм. Гэхдээ энэ хэлэлцээр нь гарын үсэг зурснаар шууд хэрэгжиж эхлэхгүй. Олон улсын гэрээг байгуулсны дараа түүнийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмаа биелүүлсний дараа хүчин төгөлдөр болдог.

Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд эхлээд хэлэлцээрийг Засгийн газар баталж, энэ тухайгаа дипломат шугамаар оросын талд мэдэгдэх юм. Оросын тал мөн адил дотоодын журмаа биелүүлснээ мэдэгдэнэ. Ийнхүү харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа тус хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Бид хэлэлцээрийг ойрын хугацаанд Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна.

-Хэлэлцээр баталснаар иргэд хэд хоногийн хугацаанд тус улсад визгүй зорчих вэ?
-Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд нэг удаад 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчих эрхтэй. Гэхдээ үүнд анхаарах нэг зүйл бол иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах ёстой.

-Визгүй зорчих хэлэлцээр батлан  хэрэгжиж эхэлснээс хойш бүх иргэдэд хамаарах уу?
-Тийм ээ. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд, түүний дотор энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд ОХУ-д визгүй зорчих боломжтой.

-Иргэд визгүй зорчдог зарим оронд албан ёсны урилга шаарддаг. Ямар нэгэн урилга шаардлагатай юу?
-Энэ хэлэлцээрийн дагуу иргэд ОХУ-д визгүй зорчиход ямар нэгэн урилга авах шаардлагагүй.

-Хоёр орны иргэд харилцан визгүй зорчсоноор манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Өргөн хүрээнд авч үзвэл энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц үзүүлж, хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Мөн ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх, ялангуяа хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих урсгал өсөн нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих сайн талтай.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг