sonin.mn

МХЕГ-аас аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд 14 хоногийн хяналт шалгалтын аяныг эхлүүлээд байна.

Шалгалтын явцад нийт 148 зөрчил илрүүлж, 146-г газар дээр нь арилгуулж, 82 мянган төгрөгийн торгууль, 672.3 м3 мод, модон материал, 50 шуудай түлээ, 365 ширхэг дүнзийг тус тус хураажээ. Мөн 2 автомашин, 7 хөрөө, 3 сүхийг улсын орлого болгон 23 иргэн, аж ахуйд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаад шилжүүлж, улсын байцаагчийн 20 акт, 159 заалттай 29 албан шаардлагыг тус тус гаргаж хүргүүлжээ.

Мод бэлтгэх, тээвэрлэхдээ зохих эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр үйл ажиллагаа явуулах, Зохих эрхийн бичигтэй боловч зориулалт өөрчилж мод бэлтгэсэн, бичиг баримтад заасан тоо, хэмжээг хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн зөрчил нийтлэг байна.

Түүнчлэн тарваганы мах авч явсан хоёр иргэнийг “Амьтны тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 768,0 мянган төгрөгний торгууль ногдуулан барагдуулж, дөрвөн тарваганы мах худалдан борлуулж байсан иргэн Д-г Цагдаагийн хэлтэст шилжүүлэн, зургаан ширхэг тарваганы нойтон махыг хурааж Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд шинжлүүлэхээр өгөв.

Нисэх, Яармагийн товчоо, Баруун туруун, 22, Эмээлт, Баянзүрхийн товчоодоор дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобусыг шалган, жолооч, зорчигчид тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөлгөө өгч, сэрэмжлүүлэх хуудас тараан ажиллаж байна.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг