sonin.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад өнгөрсөн сард албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсны нэг нь ялтан солилцох гэрээг баталгаажуулж, хэрэгжилтийг 30 хоногийн дараагаас хангахаар болсон билээ. Үүний хүрээнд таван жилийн өмнө хар тамхины хэргээр Хятадад бүх насаараа хоригдох ял сонсч, улмаар хөнгөрүүлж, 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг эх оронд шилжүүлэн авчирч ялыг нь Монголд эдлүүлнэ гэдгийг албаныхан хэлсэн.

Уг нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хүнийг шилжүүлэх тухай хуулийн заалт Хятад улсад байдаггүй аж. Гэсэн хэдий ч Л.Байгалмаагийн хувьд бусдын золиос болсон гэж манай улсын хууль хяналтынхан үзэж байгаа юм. Тэрээр нэг бус удаа хар тамхи, мансууруулах бодис хил дамнуулан тээвэрлэдэг байсан бөгөөд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж хил давах үед нь Хятадын гаалийнхан баривчилснаар ийнхүү ял эдэлж байгаа юм.

Хэдийгээр түүнд ял оноосон ч БНХАУ-ын шүүх уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж түүний явсан маршрутыг тодорхой болгож байсан билээ. Тэрбээр Энэтхэг, Балба, Бангладеш, Зүүн өмнөд Ази, Колумб улс дамжин хар тамхи зөөвөрлөж байсныг тогтоосон байдаг.

Л.Байгальмаа нь Бээжин хотын ”Beijing female pris- on” гэгдэх эмэгтэйчүүдийн шоронд таван жилийн ялыг биечлэн эдлээд байгаа юм. Түүний ээж Л.Батжаргал “Гадны хоригдлыг ажилд гаргадаггүй. Бие нь өвдөөд байгаа болохоор юу ч хийхгүй өдрийг өрөөндөө өнгөрөөдөг гэсэн.

Сүүлийн үед охины минь хоол боловсруулах эрхтэн нь муудсан, шүд нь суларч, зүрхний хэм алдагдаж, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж, өвчлөлийн гуравдугаар шат руу орсон гэх эмчийн дүгнэлт гарсан. Эх орондоо байсан бол сардаа нэг ч гэсэн очиж уулзаад, биеийн байдлыг нь асуучихна. Даанч хол байгаа болохоор санаа байвч сачий хүрэхгүй юм даа.

Үхтэл үр харам гэдэг муу охиноо Монголд нь авчрах юмсан гэж бодох юм” гэж нулимс дуслуулан ярьж суусан билээ. Л.Байгальмаагийн ээж, хань, үр хүүхдүүд нь хүний нутгийн хүйтэн шоронд хоригдож ял эдэлж байгаа түүнийг хүлээсээр цөхрөнгөө барж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүний гэр бүлийнхэн сардаа нэг удаа Консулын газраар дамжуулан утсаар ярьдаг байна.

Ингээд Хятадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Л.Байгальмаагийн ээж Л.Батжаргалтай уулзаж ярилцсан юм.

-Охинтойгоо хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ. Нэг ярихдаа хэдэн минут ярьдаг вэ?
-Хамгийн сүүлд есдүгээр сарын 5-нд утсаар ярьсан. Сард нэг л удаа ярих эрхтэй байдаг юм. Тухайн өдрийн харгалзагчаас нь ярих минутын хугацаа шалтгаалдаг. Энэ сар би ярьсан бол ирэх сар гэр бүлийнхэн нь ярина.

Нэг үгээр хэлэхэд сар сараар ээлжлээд ярина гэсэн үг. Амар мэнд, биеийн байдлыг нь асуугаад л хэдэн минут нь дуусчих юм. Өөрөө ч “Ээж ээ, санаа зоволтгүй. Охин нь сайн байгаа” гэх юм. Хөөрхий миний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ л сайн байна гэж хэлдэг байх.

-Биеийнх нь байдал ямар байгаа бол. Эмчилгээ хийлгэж байгаа болов уу?
-Биеийн байдал нь маш муу байгаа. Хоол боловсруулах эрхтэн муудаж, толгой, зүрхээр нь байнга хатгуулж өвддөг. Бие нь өвдөөд эхлэхээр гар, хөл нь хөрж мэдээгүй болдог гэж байсан. Хятад хэл сайн мэдэхгүй болохоор эмчид нь үзүүлэхэд хүртэл хүндрэлтэй, сайн ойлголцож чаддаггүй юм шиг байна лээ.

Надад ч өвдөж, зовж байгаагаа хэлдэггүй. Дүү нартаа л “Миний бие тэсэхийн аргагүй өвдөөд байна. Би энд удаан байж чадахгүй нь. Хүний нутагт хэцүү байна. Ялтан солилцох гэрээгээр хэдэн хүнийг нутагт нь ял эдлүүлэх боломжтой гэж ярьж байсан.

Та нар Гадаад хэргийн яам, Консулын газар, Хууль зүйн яамаар ороод миний нэр орж уу гэдгийг тодруулаад өгөөч” гэж гуйсан байна лээ. Уг нь эмчилгээ хийлгэдэг гэсэн. Бид эндээс боломжоороо сар бүр хэдэн төгрөг явуулдаг юм. Гэхдээ эм тариа нь их өндөр үнэтэй гэсэн. Хүрэлцдэггүй юм шиг байна лээ.

-Өнгөрсөн сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр ялтан солилцох гэрээний дагуу Л.Байгальмааг эх оронд авчрахаар ярилцсан. Үүнийг та сонссон уу?
-Хүний нутагт хоригдож байхаар өөрийн эх орондоо ирсэн нь хамаагүй дээр. Биеийнх нь байдал ч муу байгаа. Хоол нь хүртэл чанар муутай. Өдөр бүр байцааны шөл, будаа идээд байхаар монгол хүний биед тохирохгүй.

Ядаж л малын толгой шийр, дотор гэдсээ шар будаатайгаа холиод идвэл хамаагүй дээр шүү дээ. Зарим шөнө хүний нутагт зовж, шаналж байгаа охиноо бодохоор унтаж ч чадахгүй юм. Амьдын хагацал гэдэг хүнийг шар махтай нь хатаачих юм.

Саяхан Хятад улсын дарга манай улсад айлчлал хийсэн. Энэ үеэр ялтан солилцох гэрээний дагуу хэдэн хүнийг эх оронд нь авчирна гэсэн мэдээлэл зурагтаар гарсан. Хүрээд ирээсэй гээд л тэнгэр, бурхандаа залбираад л суух юм даа.

-Анх яаж байгаад энэ хэрэгт холбогдчихсон юм бол. Тухайн үед танд ямар ажил хийж байгаа гэж хэлдэг байсан бэ?
-Би охиныгоо хүний золиос болоод хилс хэргээр ял эдэлж байгаа гэж боддог. Л.Гантуул, Ё.Оюунбилэг хоёроос болж бүх насаараа хоригдох болсон. Энэ хоёр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой болохоор зургаан жилийн ял авсан.

Хэрэгт хийсэн хүмүүс нь хэдхэн жилийн ял аваад, хэлмэгдсэн хүн нь бүх насаараа хоригдоно гэдэг даанч шударга биш байна. Үүнийг би хууль бус шийдвэр гэж боддог. Энэ хоёр хүүхэн амьдралын боломж тааруу хүмүүсийг ашигладаг байсан. Гэрчилж байгаа хүн ч олон бий.. Гэтэл энэ хоёр хүүхэн охины минь ядуу тарчиг амьдралаар нь дөрөө хийж, нарийн зохион байгуулалттай сүлжээнд оруулчихсан.

Дөрвөн хүүхдээ тэжээх гэсэндээ хүний гараар могой бариулагчдыг мэдэлгүй тэдний амласан тав арван цаасанд нь хууртсан. Миний охин гэнэн цайлган хүүхэд. Хүнд амархан итгэдэг. Энэ надад тус болж байна, ажил өгөх гэж байна гээд эхний удаа явсан.

Тухайн үед цагаан будааны бизнес хийж байгаа л гэдэг байсан. Би ч гэсэн хүмүүс Эрээн, Бээжингээс бараа бүтээгдэхүүн зөөж бизнес хийдэг юм чинь тэдний адил л ажиллаж байна гэж бодсон.

 -2009 онд шүүх хурал нь болж байсан. Тухайн үед давж заалдаж болоогүй юм уу?
 -2009 оны арваннэгдүгээр сарын 19- нд шүүх хурал нь болсон гэсэн. Дараа нь “Хятадын хуулиар бүх насаар нь хорих ял оноолоо” гэсэн бичиг ирсэн. Тухайн үед манай улсын Гадаад хэргийн яам “Ямар нэг хариу ирвэл утсаар танд мэдэгдье” гэж хэлдэг байсан. Хөөрхий нөхөр нь их хөөцөлдсөн дөө. Тэр үед Бээжин дэх Монголын ЭСЯ-ны ажилтан Т.Дашзэвэгтэй олон удаа утсаар ярьсан.

Биднийг “Олон дахин юм битгий асуугаад бай. Би ганц Байгальмаатай чинь зууралдаагүй. Олон хүнтэй харилцдаг” гэж над руу уурлаж, загнаж байсан. Бид уг нь тэр хүнд загнуулах юм хийгээгүй шүү дээ. Яах учраа олохгүй болсон ар гэрийнхэн нь мунгинахдаа олон дахин ярьсан байж болно. Гэхдээ бидэнд муухай хандаж байсан.Шүүх хурал болсны дараа 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэж байсан.

Гэвч 14 хоног нь өнгөрөөд бүр сар болсон. Бид гайхаад Т.Дашзэвэг рүү ярихад “Танай охин өөрөө давж заалдахгүй гэсэн” гэдэг байгаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм болсон. “Бид тухайн үед яах учраа олоогүй. Хэнээс, хаанаас тусламж хүсэхээ ч мэдээгүй. Үхэх сэхэхийн заагт, амьдын тамд унаад хүний нутагт хоригдох болсон охиныгоо бодоод өрөвдөх сэтгэл л төрж байсан.

-Та охинтойгоо хэдэн удаа очиж уулзсан бэ. Нөхөр, хүүхдүүд нь хэр их очдог вэ?
-Анх ТV9 телевиз, Зууны мэдээ сонины хамт олон сурвалжлага бэлтгэхээр биднийг авч явсан. Тухайн үед охиноо тэврээд үнсээд уулзана даа гэж бодож байсан. Гэвч миний бодсоноор бүх зүйл болоогүй. Шилэн хананы наана цаанаас утсаар ярилцдаг юм билээ. Юу ярихаа мэдэхгүй, сандраад л өнгөрсөн.

Амьдралын боломж тааруу болохоор байнга очоод уулзаж чадахгүй л юм. Гэхдээ өнгөрсөн хавар том, бага охинтой нь хамт очиж уулзаад ирсэн. Их тураад царай алдсан байна лээ. Гурван зээ, нэг ачтай болсон гэдгээ сонсоод уйлаад л байсан. Хөөрхий баярлаж байгаа ч харууслын нулимсыг хамт урсгаж байгаа байх.

Дотоод сэтгэлээ хэнд ч нээж ярьдаггүй болохоор сэтгэл зүйн дарамтад орсон юм шиг санагдсан. Тэнд хоригдож эхэлснээс нь хойш гэр бүлийнхэн нь дөрвөн удаа очиж уулзсан. Байнга очоод уулзъя гэхээр тэтгэврийн хөгшин надад туслаад дэмжээд өгөх хүн ч байхгүй байна.

-Байгальмаа эгчийн нөхөр тантай хэр холбоотой байдаг вэ. Тэдний гэр бүлийн амьдрал ямаршуухан байна вэ?
-Охин минь хоригдож эхлээд надаас хөндийрсөн. Зарим хүн танай хүргэн эхнэртэй болчихсон байна лээ гэдэг. Гэхдээ нүдээр хараагүй болохоор бусдын ярианд итгэхэд хэцүү. Уулзаагүй удсан болохоор ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна.

Дөрвөн хүүхэдтэй. Гурван нь гэр бүл зохиогоод амьдралаа аваад явж байна. Хоёр идэхгүй хоосон хонохгүй л амьдардаг улс. Сар шинээр ирж золгоод явдаг. Уг нь манай энд байдаг байсан. Нүүснээс нь хойш байнга уулзалдаж чадахгүй юм.

-Манай улсын Консулын газар Хятадад хоригдож байгаа иргэдтэйгээ очиж уулздаг гэнэ үү?
-Бусад орны Консулын газар хоригдож байгаа иргэдтэйгээ сард гурван удаа очиж уулзаж, орчин нөхцөлтэй нь танилцдаг. Амралтын өдрөөр хоол унд хийж өгдөг гэсэн. Харин манай улсын консулынхан тэр бүр очоод уулзаад байдаггүй юм шиг байна лээ.

Тэндхийн элчингийн газрынхан Чинзориг гэдэг хүн очиж уулздаггүй, утсаар ч ярьдаггүй гэсэн. Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Эх хүний зүрх үргэлж үрийнхээ төлөө цохилдог. Тиймдээ ч өнөөдөр Л.Батжаргал гуай хүний нутагт насаараа хоригдох ял авсан охиныгоо эх орондоо ирнэ гэдэгт итгээд хүлээсээр сууна.

Г.Батсуурь: Байгальмааг Монголд ирсэн хойно л хоёулаа уулзъя
Л.Байгальмаатай 20 жил амьдралаа холбож, жаргал зовлонгоо хуваалцсан хань нь хүүхдүүдээ сайн өсгөж, хүний зэрэгт хүргэж чаджээ. Түүнтэй утсаар холбогдож “Таниас ярилцлага авах гэсэн юм” гэхэд “Байгальмааг Монголд ирсэн хойно л хоёулаа уулзъя. Ах нь хөдөө ажилладаг хүн. Ажил ихтэй зав муу байна” гэх хариултыг өгсөн юм.

Тэрээр нэг удаа ярилцлага өгөхдөө. “Харийн оронд бүх насаараа хоригдож, тарчилж байснаас цаазын ял нь шулуун байсан юм болов уу. Амь гуйсан маань алдаа болчих шиг боллоо. Миний хүүхдүүд ээжийнхээ зургийг хараад л, юу ч ярихгүй гөлийчихсөн л суух юм. Бидэнд зурагнаас өөр зүйл алга. Би ямар ч байсан амьд байгаа цагтаа энэ хэргийн араас явна” гэх үгийг амнаасаа унагаж байсан удаатай.

Нээрээ ч энэ үгний цаана хэчнээн их харуусал, шаналал, цөхрөл байгаа нь тодорхой харагдаж байсан юм. Бяцхан зүрхэндээ багтамгүй зовлонг туулж, ээжийнхээ халуун хайрыг үгүйлсэн дөрвөн хүүхэд өдгөө хүний хань, хүүхдийн эцэг, эх болжээ. Л.Байгальмаагийн том охин Б.Цэрэндулам эхийнхээ үүргийг гүйцэтгэсэн гэж эмээ нь хэлж байсан.

Түүнтэй утсаар ярихад “Би ээжтэй хамгийн сүүлд есдүгээр сард ярьсан. Ээжийгээ их л санах юм. Даанч хол болохоор хүссэн үедээ очоод уулзаж чадахгүй. Өнгөрсөн хавар эмээ, дүүтэйгээ хамт очиж уулзаад ирсэн. Тураад нүднээс гарчихаж. Бие нь муу байгаа.

Саяхан Хятадын дарга манай улсад айлчилсан. Энэ үеэр ялтан солилцох гэрээгээр хэдэн хүнийг эх оронд нь авчирч ялыг нь эдлүүлнэ гэсэн. Ээжийг минь аваад ирээсэй л гэж бодох юм. Би хоёр жаахан хүүхэдтэй, хөдөө амьдарч байгаа болохоор энэ асуудлыг хөөцөлдөж чадахгүй юм” гэлээ.

Н.Өнөрмөнх: Л.Байгальмааг 2015 онд эх оронд нь авчирна
Л.Байгальмааг хэзээ эх оронд нь авчрах талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын мэргэжилтэн Н.Өнөрмөнхөөс тодруулсан юм.

-Хятад улсад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Л.Байгальмааг ялван солилцох гэрээний дагуу эх оронд авчрахаар болсон. Хэзээ авчрах вэ?
-2015 он гэхэд эх оронд нь авчирна.

 -Гэр бүлийнх нь сард хэдэн удаа утсаар ярьдаг вэ?
-Ар гэрийнхэнтэйгээ сард нэг удаа утсаар ярьдаг. Хамгийн сүүлд энэ сарын 5-ны 10.00 цагт ярьсан” гэсэн юм. Ядуугийн эрхээр харийн нутагт золиослогдож, жирийн нэгэн монгол айл амьдын хагацалд унасан гашуун явдлыг бид ингээд орхичихож боломгүй санагдана.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: