sonin.mn

Монгол орны ховордсон амьтны тоонд зүй ёсоор ороод байгаа хуланг хамгаалах талаар бид анхаарч байгаа бил үү? Энэ талаар ховордсон ан амьтан судлаач Д.Баатараас тодруулга авлаа.

Манай улсын байгаль орчин, ан амьтныг хамгаалах байгууллагууд ховордсон амьтан, ургамлын талаар нэгдсэн бодлогогүй явсаар өдий хүрлээ. Нэн ялангуяа сүүлийн үеэс тахь өсгөх, хамгаалах тухай яриад унаган зэрлэг адууны нэгэн болох хуланг мартахад хүрчээ. Ховордсон ан амьтан судлаач энэ залуу ойрмогхон хэд хэдэн удаа говийн нутгаар явж хулангийн сүрэг, тэдний нүүдэл хөдөлгөөнд ажиглалт хийжээ.

1953 онд анх хуланг хамгаалах тухай ярьж, үе үе тооллого, хяналт хийдэг байжээ. Харин сүүлийн үед эл асуудлыг орхигдуулсан аж. 2003 онд нэг тоолоход 30-33,000 хулан байсан бол өнөөдрийн байдлаар 20,000 хулан байна уу гэсэн ам тооцоо гарчээ.Сэг зэмийг харахад байгалийн жамаар бус зориудаар хөнөөн арьс, махыг авсан нь мэдэгддэг гэнэ.

Зэрлэг шувуу, чоно, үнэг хүртсэн бол сэг зэм нь арай өөр байдаг. Хүн хүрсэн гэдэг нь мотоцикль, машины дугуйн мөрөөр танигддаг байна. Саяхан тэд тааралдсан сэг зэмээ тоолоход бараг 800 хүрчээ. Тиймээс хүний бараа харагддаггүй шахам зэлүүд нутагт таавараа яваа хуланг зориудаар хурдан хөлгөөр хөөн хөнөөдөг нь тодорхой.

Энэ талаар БОНХЯ, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд анхаарахгүй бол "Хулангийн эмгэнэл" болж байгааг судлаачид анхааруулж байна. Одоогоор баруун аймгийн Зүүн говь, Дорноговь аймгийн урд сумдаар хулан нутаглаж байгааг ч ан амьтан судлаачид тогтоожээ.

Дэлхийд байтугай монголдоо цөөрсөөр байгаа хулангаа хулгайн анчдын гараас аварч, хэдэн жилийн дараа "тахь"-аас дутахгүй "эмгэнэл"-д хүрэхээс сэргийлэх нь чухал байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг