sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шинэ тосгон хөдөлгөөнтэй хамтран   хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр БНСУ-д тохижилт үйлчилгээний компаниудын ажилтныг сургалтад хамруулах гэж байна.

Сургалтад Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын хог хаягдлын мэргэжилтэн, зам талбайн инженер, хог орлогын байцаагч гээд нийт 22 хүн оролцох юм. Тэд 2014 оны 09 сарын 15-нд Гүми хотыг зорьж “Хүн төрөлхтөн зэрэгцэн оршихуйн төлөөх хамтын ажиллагаа”  сэдэвт олон улсын сургалтын хөтөлбөрт хамрагдан Солонгосын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн туршлагатай танилцана.

Харин эх орондоо  ирээд шар хантаазтануудад танилцуулан, сурсан зүйлээ өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэх юм. Сургалт 6 хоног үргэлжлэх бөгөөд Гүми хотын тохижилт, ногоон байгууламж, ус цэвэрлэх төв, хог хаягдлын үйлдвэрийн ажилтай танилцан, Көмү уул, Чонду-Гүн, Кёнсанбугийн дурсгалт газар, Самсунг электроникс смарт галерей,  үе үеийн ерөнхийлөгч нарын төрсөн газар, хөшөө, үндэсний дахин сэргэлтийн хүрээлэнг үзэхээр төлөвлөжээ.

Мөн эх орны дайны дараа Солонгост Шинэ тосгон хөдөлгөөн яаж өрнөж иргэд нь өөрт байгаа ээмэг бөгжөө цуглуулан эх орныхоо бүтээн босголтыг хэрхэн хийсэн талаарх түүхэн баримтыг үзнэ.

Энэхүү түүхэн баримт, хот тохижилт, ногоон байгууламжийн ололт амжилтад тулгуурлан өөрийн оронд хэрэглэхэд тохиромжтой арга замыг олж нээхэд сургалтын үндсэн зорилго нь оршиж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.