sonin.mn

ЖЕНЕВ. /weforum/. Дэлхийн эдийн засгийн форумаас /ДЭЗФ/ жил бүр гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад Монгол Улс 98 дугаарт оржээ. Өнгөрсөн онд тус улс 107 дугаарт бичигдэж байв.

“Дэлхийн өрсөлдөх чадвар 2014-2015” илтгэлээ ДЭЗФ өнөөдөр нийтэлжээ.  Уг жагсаалтыг олон нийтийн мэдээлэл болон дэлхийн 144 орны компанийн 14 мянган удирдагчдын дунд явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргадаг байна.

144 орныг багтаасан, өрсөлдөх чадварын жагсаалтыг Швейцарь улс урьдын адил тэргүүлсэн бол хоёрдугаарт, Сингапур, гуравдугаарт, АНУ бичигдсэн байна.

Жагсаалтын эхний аравт Финланд /дөрөвдүгээрт/, Герман /тавдугаарт/, Япон /зургадугаарт/, Хонконг /долдугаарт/, Нидерланд /наймдугаарт/, Их Британи /есдүгээрт/ болон Швед улс /аравдугаарт/  багтжээ.

ОХУ-ын хувьд дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад 11 байр дээшилж 53 дугаарт бичигдсэн байна. Харин БНХАУ-ын өрсөлдөх чадварын үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс нэг шат ахиж 28 дугаар байрыг эзэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг