sonin.mn

Москва хотноо 2013 онд зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хурлын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хоёр яам хооронд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулахаар тохиролцсонтой холбогдуулан 2014 оны 8 дугаар сар 28-ны өдөр “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал” Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус хуралд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга Цинамдзгвришвили А.Н. тэргүүтэй төлөөлөгчид болон Щелковский комбинат болон "Малын эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв"-ийн төлөөлөл тус тус хүрэлцэн ирсэн юм.

Хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг цаашид сэргээх, улам бүр эрчимжүүлэх бодит шаардлага байгаа тул энэхүү ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарт байгаа нөөц бололцоог хэрхэн үр дүнтэй ашиглах, хамтын ажиллагааг хэрхэн үр өгөөжтэй өргөжүүлэх, салбарт тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байх тухай тус тус хэлэлцэж, нэн ялангуяа хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох чухал ач холбогдолтой хурал зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн энэ анхдугаар хурал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх Төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлоготой бөгөөд чухал ач холбогдолтой болж өнгөрлөө.

Яам хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм болох Ажлын хэсгийн хурал нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгааг Талууд тэмдэглээд цаашид жил бүр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлалыг угтан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаа тохиролцох чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Монгол, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар талууд илтгэл тавьж, тус салбарын бодлогын талаарх мэдээллүүдийг солилцож, мөн түүнчлэн Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөг харилцан танилцуулав.

1.Мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа
Талууд Мал эмнэлэг, малын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр өөрсдийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл хийв.  Монголын мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн шүлхийн вакцин, ДУК машин өнгөрсөн жилүүдэд гарсан шүлхий өвчинтэй тэмцэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг Монголын тал онцлон тэмдэглээд ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд талархлаа илэрхийлэв.

Хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар Монголын тал дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийв. Монголын талын тавьсан саналыг ойрын хугацаанд Оросын тал судалж үзэхээр тохиролцов.

2.Тарималын үр сортын үржүүлгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудал.
Монголын цаг уурын нөхцөлд тохирсон, эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй улаан буудайн шинэ сортын үрийг гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд Талууд хамтран ажиллахаар болов. Ингэхдээ хоёр талын  эрдэмтдийн баг 2014 онд багтаан хөтөлбөрийг боловсруулан, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхээр тохиролцов.

Оросын тэргүүний техник технологийг газар тариалангийн салбарт нэвтрүүлэх асуудлаарх Монголын талын тавьсан саналыг Оросын тал анхааралдаа авав. Тодохрой асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус салбарын монгол мэргэжилтнүүдэд зориулан танилцах аялал болон сургалт зохион байгуулахаар Талууд тохиролцов.

3.Бусад асуудал (Технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт, г.м.)
Талууд хоёр орны хил залгаа аймаг, мужуудад байгаль цаг уурын хүндрэлээс болж ургац алдах, хүнсний хомсдол үүсэх зэрэг нөхцөлд таримлын үр, сорт, хүнсний  бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг нэн яаралтай экспортлож, импортлох асуудлаар хамтарсан төсөл боловсруулахаар тохиролцов.

Европоос Монголруу ОХУ-аар дамжин өнгөрч байгаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Монголд оруулах асуудалд хүндрэл үүсэж буй талаар Монголын тал мэдэгдэв.

Оросын тал дээрх асуудлыг анхааралдаа авч холбогдох арга хэмжээг авахаар болов.
2014 оын 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Москва хотноо болох Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болон хөдөө аж ахуйн салбарын дахь инновацийн “Агро-Иннотек” үзэсгэлэн-яармаг Монголын тал оролцох талаар мэдэгдсэн болно.
Ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг 2015 оны хоёрдугаар хагаст Москва (ОХУ) хотноо зохион байгуулахаар Монгол, Оросын ажлын хэсгийн тэргүүнүүд тохиролцов.