sonin.mn

УЛААН-ҮД. / baikal-media/. Сансрын нисгэгчдэд зориулж нислэгийн дараа нөхөн сэргээх байрыг Байгал нуурын эрэгт байгуулахыг Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа санал болгожээ.

Тэрбээр “Байгалын яриа хэлцээ” олон улсын гуравдугаар чуулга уулзалтад оролцож байгаа юм. “Нэг үе ийм асуудлыг хөндөж байсан. Энэ саналыг эргэн харах боломжтой гэж бодож байна. Сансрын нисгэгчдэд ажиллаж, амрахад нь хамгийн сайн сайхнаа зориулдаг. Байгал нуур нь манай гарагийн хамгийн эрүүл, экологийн хувьд цэвэр газруудын нэг юм” гэж тэрбээр хэлжээ.

“Байгал нуур дэлхий нийтэд, бүх хүн төрөлхтөнд харьяалагддаг. Монголчууд бидний хувьд ч уг нуур ариун газар юм. Энэ нуур нь сансарт байгаа хүмүүсийн хувьд ихээхэн утга учиртай. Тойрог замд байсан хүн бүрт Байгал нуур хамгийн сайхан баримжаа болдог. Сансраас тод харагддаг уг нуур тойрог зам дахь байршлаа тогтоож болох зам заагч од болдог” гэж Гүррагчаа ярьсан байна.

“Байгалын яриа хэлцээ” зэрэг ийм арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад хүчин чармайлтаа нэгтгэхэд чухал ач холбогдолтой гэж Монголын сансрын нисгэгч хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг