sonin.mn

УЛААН-ҮД. /Itar-Tass/.  Улаан-Үд хотод байрладаг Оросын агаарын тээврийн "ПАНХ" компани  Буриадын нийслэл болон Улаанбаатар хотын хооронд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Энэ тухай “Байгалын яриа хэлцээ” олон улсын гуравдугаар чуулга уулзалтын үеэр Монголын Улсын Их Хурлын төлөөлөгчид  болон Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын нарын уулзалтын үеэр мэдээлжээ. “Одоогийн байдлаар зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж байна.

Нислэгийг есдүгээр сард багтаан үйлдэж эхэлнэ гэдэгт найдаж байна” гэж Наговицын хэлээд, өмнө нь хоёр хотын хооронд нислэг үйлдэж байсан боловч том онгоцны дүүргэлт хангалтгүй шалтгаанаар зогссон болохыг тэмдэглэсэн байна. “Одоо бид Чех улсаас саяхан оруулж ирсэн 19 хүний суудалтай L-410 загварын хоёр онгоцыг ашиглана” гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг