sonin.mn

Энэ удаагийн дугаартаа "Дижитал" хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, шинэ уран бүтээлийн талаар тус хамтлагийн гишүун Х.Халиун буюу Хакутай ярилцлаа.

-"Дижитал" хамтлаг энэ зуныг хэрхэн өнгөрөөсөн бэ. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?
-Манай хамтлагэнэ зун аймгуудын 90 жилийн ойд уригдаж, тоглолтоор явлаа. Мөн "Монголжингоо" дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн.

-Хамтлагийн гишүүд одоогоор юу хийж байна?
-Мөөгий Австралид сурч байна. Эрка, Батука хоёр тус тусын бие даасан уран бүтээлээ хийж байна. Мөнгөөнөө бид хоёр хамтран нэг шинэ дуу хийж байгаа. Удахгүй сонсогчиддоо хүргэнэ.

-"Дижитал" хамтлаг анх 13 гишүүнтэй шижигнэсэн хөвгүүд гарч ирсэн. Гэтэл одоо дөрвүүлээ болсон байна. Эргэн нэгдэх үү?
-Бид 15 жилийн ойгоороо бие бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийнэ. Мөөгий Австралиас ирнэ. Бусад нь эндээ байгаа. Харин Баавар ирэх үгүйг хэлж мэдэхгүй байна.

-Гишүүд 15 жилийн ойгоороо нэгдэж байна. Цаашид энэ хэвээр уран бүтээлээ хийх үү?
-Уран бүтээлийн хувьд цаашид хамтрахыг мэдэхгүй байна. 15 жилийнхээ ойгоор л бут авна гэж бодож байгаа.

-Хамгийн бяцхан гишүүн юу хийж байна?
-Boby D оюутан болсон. Номын мөр хөөгөөд тун завгүй байгаа.

-Сургуулиа төгсөөд хамтлагтаа ирэх үү?
-Уран бүтээл хийнэ гэсэн хүсэлтэй бол ирэх байх.

-Хакугийн хувьд бие даасан уран бүтээл хийж байна уу?
-Нэг уран бүтээл Мөнгөөнөөтэй хамтарч хийж байгаа. Ерөнхийдөө уран бүтээлч хүн аливаа бүтээлийг хийхдээ судалгаа хийх шаардлагатай байдаг. Түүх, соёлоос эхлээд удаан хугацаагаар судалгаа хийж байна даа.

-15 жилийн ойдоо зориулсан хичнээн уран бүтээл хийсэн бэ?
-Хип хоп хамтлагуудтай хамтлан "Аз жаргал" гэдэг дуу гарсан. Мөн "Монголжингоо" дууны клип цацагдсан байгаа.

-"Монголжингоо" дууг яагаад хийх болов?
-Бид "Гандан буурахгүй" гэж эрчүүдээ магтсан. Харин энэ дуугаараа бүсгүйчүүдээ магтсан. Монгол бүсгүй хүн ямар байдаг вэ, гэрийг гийгүүлэгч гэргийдээ зориуллаа.

-Шинэ цомгийн ажил хийгдэж байгаа юу. Одоогоор хэдэн хувьтай явж байна?
-"Дижитал" нэртэй цомог гарна. Цомгийн бичлэгийн ажил дууссан. Арав гаруй дуутай супер цомог болно доо. Тоглолтын дараа цомог хэвлэлтэнд явна.

-15 жилийн дараа эргээд харахад Монголд хип хоп урлаг ямар хэмжээнд хүрсэн байна вэ?
-Миний харж байгаагаар хип хоп илүү эрч хүчтэйгээр хөгжиж байна. Шинэ уран бүтээлүүдээс харахад клипны өнгө аяс ч харьцангуй сайжирч байна.

-Анх гарч ирээд өрсөлдөгч хамтлагуудтайгаа дисс хийдэг байв уу. Тэр үеийн өрсөлдөгчид хүчтэй байсан уу?
-Мэдээж өрсөлдөөн байсан. Бид өрсөлдөөнөөс л гарч ирсэн. Хамгийн ширүүн өрсөлдөгч маань "Icetop" хамтлаг байлаа. Амьдрал дээр бид багын найзууд. Тухайн үед бид ширээ тойрон сууж байгаад л санаа бодлоо шударгаар ярьчихдаг байсан. Хамтраад орон нутгаар олон тоглолт хийж байлаа.

Тэд тайзан дээр гараад хит дуугаа дуулж, бүжиглээд үзэгчдийг байлдан дагуулж байхад бид цаана нь мөн л ямар хит дуугаа дуулвал илүү үзэгчид шуугих бол гэж ярилцаж, их л хичээдэг байсан. Гэхдээ энэ өрсөлдөөнөөс хэн хожих вэ гэхээр сонсогч фэнүүд л хожино. Бид сайн уран бүтээлийг л сонсогчиддоо зориулахыг хичээдэг.

-Арав гаруй жил урлагийн тогоонд чанагдаад намба суугаад байна уу. Уран бүтээл хийхээсээ илүү продюсерын ажил хийж байгаа харагддаг. Энэ талаар?
-Урлагт цаг хугацаа маш чухал. Бидний хэдэн жил цуглуулсан мэдлэг шинээр гарч ирж байгаа залууст хэлэх, зөвлөх хэмжээнд хүрсэн байна. Шинээр гарч ирж байгаа хамтлагуудын ганц хоёр алдаа харагдвал өөрсдийн чадах хэрээр зөвлөгөө өгдөг.

Гэхдээ заавал тулгаж, тийм л байх ёстой гэж болохгүй. Аль болох сонсогчдод хүрэх талаас нь дэмжиж тусалдаг. Өмнө нь бид нэрд гарах, олонд танигдах гэж уран бүтээлийг үйлдвэрлэдэг байлаа.

Харин одоо чанартай уран бүтээл хийхийг хичээдэг. Хамтлагаараа гэлтгүй гишүүд бие даасан уран бүтээлээ гаргаж, эргээд энэ нь ч хамтлагийн уран бүтээл болж байдаг.

-Хамтлагийн гишүүд хэдийнээс би даасан уран бүтээл хийж эхэлсэн юм бэ?
-2004 онд хамтлагийн "Миний хайртай хүмүүс" цомог гарч байлаа. Тэр цомогт гишүүдийн анхны соло уран бүтээлүүд багтаж байсан. Түүнээс хойш бид бие даасан уран бүтээлээ ч, хамтлагийн уран бүтээлээ ч туурвиж байна.

-Нэг уран бүтээл туурвихад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Сонсогчид ямар нэгэн дуу, клипийг өчигдөр хийгээд өнөөдөр цацдаг гэж боддог талтай. Гэтэл уран бүтээлчид судлах шинлэхээс эхлээд маш урт хугацаа зарцуулж уран бүтээлээ хийдэг. Тиймдээ ч чанартай гардаг гэж боддог.

Бидэнд хэдэн жилийн өмнө санаагаа олчихоод одоо хүртэл хийж амжаагүй дуу ч байна. Хуучин дуугаа шинэчлэх санаа байна. Чанартай уран бүтээлд чамгүй хугацаа зарцуулдаг даа.

-Танай хамтлаг уран бүтээлээс өөр бусад салбарт юу хийж байна?
-Санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгөө хамтран "Оюун ухааны хөгжлийн төв" ТББ нээж байгаа. Гэхдээ одоогоор энэ талаар бүрэн мэдээлэл өгөх боломжгүй. Улс орондоо хэрэгтэй маш том зүйлийг хийхийг эрмэлзэж байгаа.

-Тун удахгүй 15 жилийн ойн тоглолт болох гэж байна. Санхүү эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдэж байна?
-Хип хоп урсгалынхан бусад шиг баяр ёслолоор ачаалалтай байх нь ховор. Манай хамтлагийн хувьд тус тусын жижиг бизнес, ажил хийдэг. Тэгтлээ их олдоггүй ч болгоод л байдаг даа.

-1999 оны нийгэм өнөөгийнх шиг байсан бол "Дижитал" хамтлаг өнөөдрийнхөөс ч их сонсогчидтой байх байсан болов уу. Энэ талаар?
-Бид 1999 онд нэгдэж чадсанаараа өдий зэрэггэй явж байгаа. Тэр үедээ нэгдэж чадаагүй бол өнөөдөр 15 жилийн ой гэж ярихгүй байсан. Нөхөрлөл биднийг өдий зэрэгт хүргэсэн гэж боддог.

15 жилийн дараа эргээд харахад бидэнд хийсэн ч юм байна, чамлахаар ч юм байна. Айхавтар их зүйлийг хийчихпээ гэж бардамнах болоогүй. Бид залуу байна. Зорилгоо уулын орой гэж үзвэл бэлээс нь л дээшээ өгсч байна.

-Үзэгчид клипний чанарыг хооронд нь их харьцуулдаг. Мэдээж технологийн хувьд өөрчлөгдөж, чанар ч сайжирсаар байна. Энэ тухай бодлоо хуваалцахгүй юу?
-Цаг хугацаа өнгөрөх тусам техник, технологи өөрчлөгдөж байна. Энэ нь чанарын хувьд чухал. Бидний 2003, 2004 оны клипүүд залуу насны дурсамж болоод үлдсэнээрээ сайхан.

Тэр хэрээрээ үнэ цэнэтэй. Тухайн үед болж бүтэхээрээ л хийж байсан. Одоо бодоход энэ бахархал шүү. Техник сайжирч байгаагийн хэрээр бид ч сайн уран бүтээл хийх ёстой.

-15 жилийн ойн тоглолтын талаар яриач. Фэнүүддээ барих бэлгүүдээс хуваалцъя?
-Хамгийн том бэлэг бол 1999 онд бидэнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байсан хамтлагуудын төлөөллүүд уг тоглолтонд оролцох явдал. Мөн түүнээс хойш гарч ирсэн, шинэ залуу хамтлагуудын төлөөлөл ч оролцоно. Бусад бэлдсэн зүйлсийг тоглолтонд ирээд үзсэн нь дээр болов уу.

-Ойн тоглолтын бэлтгэл ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Бэлтгэл бүрэн хангагдсан байгаа. Өнгөрсөн жил "Зүрх рүү" тоглолтоо хийснээс хойш ерөнхийд нь тооцоолж, эртнээс бэлдсэн. Энэ тоглолтоороо бид нэгдмэл байдлыг уриалж байгаагаараа хамгийн чухал.

-Тоглолтондоо зориулсан "Аз жаргал" дууны агуулгын талаар сонирхуулбал?
-Энэ дуугаараа бид нэгдмэл байдлын харуулахыг зорьж, хип хоп хамтлагуудын төлөөлөлтэйгөө хамт дууллаа. Мөн Буриад улсын хип хоп хамтлаг бидэнтэй дуулснаараа онцлог. Дууны хувьд хүн бүр аз жаргалыг олон өнцгөөс хардаг. Тиймдээ ч хип хопчид өөрсдийн өнцгөө илэрхийлсэн.

-Тэгвэл тоглолтын дараахь төлөвлөсөн ажлуудаасаа дурьдахгүй юу?
-Бид тоглолтынхоо дараа Европын орнууд, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа нэгдэхийг уриалж, тоглолтоо өргөн барина.

-Зарим хамтлаг, дуучид таг чиг байснаа ойгоо дөхүүлээд гарж ирдэг. Тэгээд дахиад л алга болчихдог талтай харагддаг. Харин "Дижитал" хамтлаг ойн тоглолтоо хийчихээд нам жим болчихгүй биз?
-Бид алга болохгүй. Илүү сайн уран бүтээлүүд гаргасаар л байхаа амлаж байна.

Г.Насанзаяа

Эх сурвалж: