sonin.mn

Серб улсын Белград хотноо чөлөөт бөх, сонгомол барилдааны ахмадын ДАШТ-нээс Х.Нямдорж мөнгө, Ш.Баянмөнх, Г.Доржготов нар хүрэл медаль хүртжээ.

Наймдугаар сарын 26-30-нд зохион байгуулсан тус тэмцээнд Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг 37 орны ахмад бөхчүүд оролцсон байна.

Тэмцээн 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд A, B, C,D, E, F, G насны ангилалд шилдгүүдээ тодруулжээ. Тус тэмцээнд манай улсаас 3 бөх оролцож В буюу 41-45 настай бөхчүүдийн ангилалд хүчээ сорьсон байна.

ДАШТ-ий чөлөөт бөхийн 69 кг-д ОУХМ Х.Нямдорж, 85 кг-д Ганбатын Доржготов, сонгомол барилдааны 130 кг-д ОУХМ Ш.Баянмөнх нар зодоглож бүгд медаль хүртсэн байна.

Чөлөөт бөхийн 69 кг-д 9 бөх барилдсанаас Х.Нямдорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Андрей Патрикийг 14:4, гуравдугаар тойрогт Туркийн бөх Назиф Баруцийг 6:1 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө барилдаанд ХБНГУ-ын бөх Владимир Кунцэд 6:8 онооны харьцаагаар ялагджээ. Харин 85 кг-д барилдсан Г.Доржготов ДАШТ-ий хүрэл медальтан болов.

Сонгомол барилдааны 130 кг-д 10 бөх барилдсанаас Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Паль Равендерийг 10:0, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Евгений Машковыг 4:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Адил Карибовт цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Кароль Ковецийг цэвэр ялсан байна. Ш.Баянмөнх нь ахмадын ДАШТ-нээс мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг