sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улс, төрийн шагналын тогтолцоогоо нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулжээ. Төрийн дээд шагналыг ангилж, тодорхойлон төсөлд тусган ангилал бүрт утга төгөлдөр загвар бүтээх уралдааныг зарлаж байна.

Нэг. Үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох..." асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хадгалж, шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байна.

Үндсэн хуулийн уг зарчмыг хэрэгжүүлэх хууль батлагдаагүйн улмаас төрийн шагналд баримтлах нэгдсэн бодлого, зарчим, хэрэгжих эрх зүйн үндэс бүрдээгүй байна. Одоо манай улсад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийг шинэчлэн тодорхой заасан боловч одоо болтол хуучин бэлгэ тэмдэгтэй цол, одон, медалийг хэрэглэсээр байгаа юм.

Ардчилсан тогтолцоонд шилжсэн орнууд нийгэм, эдийн засгийн шинэчлэлт, өөрчлөлттэйгээ уялдуулан төрийн шагналын тогтолцоо, зарчмаа өөрчилсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улс, төрийн шагналын тогтолцоогоо нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулав. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, тодорхойлон төсөлд тусгасан бөгөөд ангилал бүрт утга төгөлдөр загвар бүтээх уралдааныг зарлаж байгаа юм. Үүнд:

Эрхэм дээд шагнал: Монгол Улсын баатар цол, Чингис хаан одон /Өмнөх загварыг хэвээр хадгалах тул бүтээл авахгүй/
Эрхэм хүндэт шагнал: Гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон
Хүндэт шагнал: Алтан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар одон
Медаль: Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль

Хоёр. Уралдааны зорилго
Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хуулийн төслийн зорилтод нийцэх, үндэсний соёл, сэтгэлгээний уламжлал, онцлогийг хадгалсан, чөлөөт сэтгэлээг эрэлхийлсэн, Төрийн дээд одон, медалийн загвар бүтээхэд уралдааны зорилго оршино.

Гурав. Уралдааны хамрах хүрээ, агуулга
Уралдаанд оролцогч нь Төрийн шагналын тухай хуулийн төсөлтэй танилцан Төрийн дээд одон, медалийн загварын төслийг хийж гүйцэтгэх бөгөөд загварын хэмжээ, өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

Дөрөв. Уралдааны хугацаа
Уралдааныг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Тав. Уран бүтээлчид тавигдах шаардлага
1. Уралдаанд оролцогч Монгол Улсын иргэн байна.

2. Уралдаанд оролцогч гурван үеийн түүх, чээж зураг, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, холбоо барих утас, хаягаа бүтээлийн хамт ирүүлнэ.

3. Уралдаанд оролцогч Төрийн шагналын тухай хуулийн төсөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn /ерөнхийлөгч.мон/ цахим хуудасны Хуулийн төслүүд хэсгээс танилцана.

4. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн загвараар өрсөлдөнө.

5. Уралданд оролцогч Төрийн шагналын тухай хуулийн төслийн 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар зүйлд дурдсан цол, одон, медалийн төрөл тус бүрт хэдэн ч бүтээл ирүүлж болно.

6. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь төрийн өмч болно.

7. Монгол Улсын Их Хурлаар хуулийн төслийг хэлэлцэх явцад гарсан саналыг уран бүтээлч бүтээлдээ тусгах ажлыг хариуцна.

Зургаа. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага
1. Загвар нь үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг хадгалсан, чөлөөт сэтгэлгээг эрэлхийлсэн байна.

2. Загвар нь олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.

3. Бүтээлийг Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн программ болон гараар тус бүр хоёр хувь зурсан байна.

            3.1  Цахим бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд gif, jpeg цахим хувилбарыг ирүүлнэ.

            3.2  Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.

4. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.

5. Бүтээлийг Төрийн шагналын тухай хуулийн төслийн 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар зүйлд дурдсан цол, одон, медалийн тодорхойлолтыг баримтлан зохиомжилно.

6. Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийцийн санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.

Долоо. Бүтээлийг хүлээн авах
Бүтээлийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

Найм. Бүтээлийг шалгаруулах журам
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шалгаруулна.

Ес. Шагнал урамшуулал
Шалгарсан бүтээл тус бүрийн эзнийг 1,000,000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулна.

Арав. Тайлбар
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.

Мэдээллийг: 262323, 90091162 утсаар, www.president.mn цахим хуудсаас авч болно.