sonin.mn

БЗД-ийн ерөнхий боловсролын 97 дугаар сургууль 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Тус сургууль энэ хичээлийн жилд 96 багш, 23 ажилчин, 2176 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч М.Тулгат оролцож багш сурагчдад ажлын амжилт хүсч, НЗДТГ-аас нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдад олгох хичээлийн хэрэглэл гардууллаа.

Энэ хичээлийн жилд хамран сургах тойргийн 320 хүүхэд найман бүлэгт элсэн оржээ. Тус сургууль шинэ хичээлийн жилд бага боловсролын сургалтын "Цөм" хөтөлбөрийг сургуулийнхаа онцлог давуу тал дээр суурилан эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэн  ажиллахын зэрэгцээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйлсэд багш бүр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуульд “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-наас 10 сая төгрөгийн санхүүжилт хийсэн нь сурагчдын авьяасыг нээх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болжээ. Түүнчлэн “Ном” хөтөлбөрийн хүрээнд анги, кабинет бүрийг номын булантай болгож номын сангаа эцэг эхийн дэмжлэгээр баяжуулсан нь хүүхэд нэг бүрийг ном унших дур сонирхолтой болгох, номыг бүтээлчээр уншихад ихээхэн чухал ажил болсон аж.

 Цаашид уг сургууль бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд, суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадвартай, бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлэх зорилт тавьжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг