sonin.mn

Монгол Улс даяар өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж Монголын оюутны холбоо /МОХ/-ноос “Оюутны тангарагийн баяр”-ыг бөхийн өргөөнд ёслол төгөлдөр тэмдэглэв.

Есдүгээр сарын нэгэн бол хүүхэд, залуусын төдийгүй хүн бүрийн сэтгэлд хоногшсон эрдмийн баярын өдөр. Манай улсад энэ өдөр хүүхдийн цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын дунд сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийдэг.

Оюутны хүмүүжил, төлөвшилд зөв чиг баримжаа олгох, нийгмийн хариуцлагыг нь ойлгуулах зорилгоор “Оюутны тангарагийн баяр”-ыг тэмдэглэх болсон нь шинээр оюутны ширээнд сууж байгаа залууст урам хайрласан, хариуцлагыг нь мэдрүүлсэн чухал ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ болсон юм.

Энэ удаагийн тангаргийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр дамжааны оюутан залуус оролцлоо. “Оюутны тангарагийн баяр”-ыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нар шинэ оюутнуудад урмын үг хэлж, хариуцлагаа ухамсарлаж амжилттай суралцан эх орноо хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулахыг хүсэн ерөөсөн юм.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Амарзаяа хонх жингэнүүлж хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

Энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй АШУҮИС, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯ-аас өргөмжлөл гардуулсан юм.

Монгол бичгийн улсын олимпиадад эхний байр эзэлсэн дөрвөн оюутанд БШУЯ-аас, мөн Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон таван азтай суралцагчид гарын бэлгээ гардуулав.

Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ нь болж манлайлан явах өндөр хариуцлагыг хүлээж байгаа оюутан залуус эх орон,   аав, ээж, ах эгч, ард иргэдийнхээ өмнө оюутны ариун тангаргаа дуу нэгтэй, итгэл дүүрэн өргөлөө.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг