sonin.mn

Голын хөвөөний шүүдэр хөглөрсөн зүлгэн дээр чөдөртэй ганц цагаан морь үүрэглэн духалзана. Тэр амьтан шөнөжин усанд ширэг мэрж хоносондоо ядарсан гэлтэй. Шаазгай шагширна. Шаазгайтын гол угаасаа энэ аальгүй шувууны орон болохоор нэг ятга шаазгай тэр хөгшин амьтны нуруун дээр сууж байдгаараа хов айлтган хашгична.

Хот айлын баруун талын гэрээс нэг нэвсгэр том хүн нөмгөн гарч ирээд нүд анийлган тэнгэрийн байдал ажиж хэсэгхэн зогсов. Түүнийг Доожав гэх бөгөөд өчигдөр хойт голд айлын хүүхдийн найранд залран хоолойгоо сөөтөл дуулж, гүзээгээ дүүртэл айраг, архи юүлсэн бэрх амьтан. Нас дал гарч яваа ч дотрын хууч хямраа, зүрхний булгиа цогиогүй зоргоор тэвхэлзүүр.

Угаас энэ хавийн найр наадам Доожавгүйгээр болох нь ёсонд хазгай. Тэр бээр аливаа найран дээр "Нарийн сайхан хээрийгээ..." гээд цээж нь түхийн толгой цагнайж, шилээ татасхийн цангинуулаад эхлэхийн үес хамаг найрчид аяндаа л дагаж хөгжөөд ирнэ.

Хэзээ ч билээ нэг нь "Доо хөгшнийг нутаг буцчих юм бол манай нуруу эзгүйрчихнэ дээ, яаж ч найрлах юм билээ" гэсэн нь ортой л байх. Илүүгээ байг гэхэд харах бараа, үзэгдэх сүр нь нүд дүүрэн, хэлсэн үг сургамж нь гол усандаа хууль болно.

Доожав идэр залуудаа Хатгал, Алтайн замд шургаж унатлаа жин тээж, салхи шуурга, бороо шороон дунд эр тэнцсэн, эдүгээ жаргах насандаа тухалж суугаа олноо түшигтэй амьд бурхан. Залуудаа зовлогоо дэндүү гамгүй эдэлснээс миний байж байгаа энэ гэж өөрийгөө голж үглэх авч үнэндээ гэвэл өнөөгийн энэ идэр залуугаасаа өвдгөнд нь шар ус хурсан жалчин залуусын хажууд хад чулуу л гэсэн үг.

Хамрын ханиад ч хажуугаар нь зугтаж өнгөрнө. Өвгөн шаазгайд ноолуулсан яндан цагаан морийг харжээ байснаа "Энэ бид хоёр ч одоо хүүхэд нохойн доог болж гүйцэж байна даа. Очиж очиж энэ муу шаазгайд суучих юм олдохгүй гэх биш" гэж санаа алдан хажуугийн ганга руу нэвсэлзэн далд оров.

Түүний араас мөн л нүдэнд нь ус гүйлгэнэж, сүүл сангарцгаа чирсэн хар нохой залхуутай эвшээлгэн том улаан хэлээрээ хоёр завьжаа долоосоор горьдонгуй очлоо. Энэ хар нохой ч гэлээ залуудаа хуй салхи шиг, морьтой, явган амьтдыг тасдаад залгичих шахсан галзуу амьтан явлаа.

Гөлгөн цагаасаа л хотонд хээрийн нохой өнгийлгөөгүйг Шаазгайтынхан бултаар мэднэ. Тэгж байтал бас нэг хөгшин чавганц зүүн гэрээс гараад ирлээ. Түүнийг Цэднэм гэх агаад залуудаа мөн л хэдэн голын харчуулыг шуугиулж, сайхан төрсөн бүсгүй хүний зовлонг үзэхээрээ нэг болсон амьтан.

Хэдэн сайхан хүүхэд төрүүлж тэд нь нүүдлийн шувуу шиг ар араасаа цуваад хот суурин газарт бөгсөө шигтгэж авчээ. Ингээд энэ хотны дөрвөн хөгшин амьтны нэг болох Доожавын хөгшин Лханям л эрээс толгой цухуйлгасангүй, бусдаар ам бүл бүрдэв.

Цэднэмийн бага охин Батжаргал нь айлын хүн болоод энд эхийнхээ хаяанд аргамжаатай. Нанзай гэх ндөр хар хүн бага охиноо азар гишгүүлэхгүй санаатай ёстой хормойлж өсгөсөн. Одоо эднийх энэ төрдөө Буянцогийнх гэсэн данстай, насандаа таарсан ажилтай найман жаал бужигнуулсан өнөр айл.

Бага охин зоргоор хэдий ч угаас суурь ухаантай, хань ижил үр хүүхдэдээ халамжтайн дээр эднийхэн Доожавынтай хаяа хатган гарын үзүүрт бүгд их багагүй зарагдана. Бүл цөөнтэй хоёр хөгшинд үүнээс илүү тус гэж хаа байхав.

Доожавынх ч мөн л хэдэн хүүхдээ хот хүрээ рүү цувуулж алдаад гар мухардсан хоёр. Энэ хот айл нэг иймэрхүү дүр зурагтай, тэнгэрийн хаяандаа мартагдаж байгаа улс.

Доожав дотроо "хөөрхий, энэ муу Цэднэм талийгчаасаа хойш хараажаар эвхэрч гүйцлээ. Шөнө хоногоор дордоод байх бололтой. Ингэж байгаад манийгаа орхиж харлах вий, уг нь цаг болоогүй хүн юмсан.

Батжаргал хүүхэнд сануулахгүй бол горьгүй, хүүхэс юугаа мэдэхэв. Бид чинь хамхуул шиг хэврэг, зэрэглээ шиг хуурамч амьтас нэг өглөө л өрх татахад нүдээ аньчихсан байхаа ядахгүй, энэ Цэднэм нэг л бишээ" хэмээн санахаас гол нь харлана. Бага охин Батжаргал нь эхдээ тэгтэл ил цагаан эрхэлж, тальтаганаад байдаггүй өөртөө зөв хүн.

Харин Доожав түүнийг эхдээ эрхлэх санаатай гэж бодно. Хүний л үр болсон хойно эрхлэхээс биш яахав, түүний буруу огт байхгүй. Цэднэм хэдэн халтар аргал хормойлоод орохдоо Доожавыг харан "өчигдөр их л согтуу ирж харагдсан, энэ мөн бөх ястай хүн шүү" гэж санав.

Доожав муу өвгөнтэй нь хар багаасаа хэлхэлдэж энэ нуруундаа нохой шуугиулж явсан цаг саяхан. Гэтэл Нанзай ёстой ёо ч гэж дуугарахгүй явсаар ганцхан орой амьсгалаа эвхсэн. Доожав түүнийг санах дургүй ч үе үе сэтгэлд нь аяндаа ороод ирнэ. Энэ өглөө ч бас тэглээ.

Хаа ч гэж Нанзай буянтай хүн болохоор буцахдаа хажуудахаа зовоогоогүй. Одйо ч энэ нуруунд бид цөөрч байна даа. Би гэдэг янгууч хүн ер яаж балаг тарих бол, уг нь энэ хэдийгээ бага зовоож чимээгүйхэн аньсгаа буулгавал зүгээр юмсан гэж санасаар өглөөний наран доогуур газар алдалсан урт сүүдрээ чирсээр гэртээ шургав.

Тэр иймэрхүү элдэв юм бодож "ганзай уучихсан шиг дотор шатах янзтай лүд, Лханям нэг юм бодох байгаа" гэж горьдсоор гэртээ орсон хэрэг. Хөгшин нь үг ч дуугарсангүй тогоотои цайгаа шаргалтуулан самарна. Тарианы гурил шар тостой холилдон хавь ойртоо ханх тавьж тамир оруулна.

Лханям гараа гаргаж зоргоор өвгөнөө өөд татах гэж байгаа нь энэ болой. Тэр бээр өвгөнийхөе хор шарыг ингэсгээд л тайлчихдаг олон жилийн аргатай. Доожав ч түүнд нь дасал болжээ.

-Муу цагаан морины нурууг авчаагүй байгаа даа, энэ тархинууд. Нэг өгөр шаазгай дээр нь тонгочиж элдэвлэж байх юм гэж эгдүүцсээр Доожав хөгшнийхөө араар хормойгоо шуун барьсаар зөрж зүүн хоймороо завилаад авлаа.

Нэг ингээд авсан байхад өндийтөл хол, сууж л байна. Заримдаа бурхан ирээд мөргөсөн ч тоох аясгүй өдөржин суудаг зантай. Түүнийг ингэсэн байхад Лханям тойрч угзраад ч нэмэргүй. Арилжаа наймаа ярихаар орж ирсэн хүнтэй ч арав таван үг сүлбэх гэж дүлэгнэхээс цаашгүй.

-Гайгүй биз ээ, ойрд хүүхдүүд эмээл тохож харагдаагүй гэж Лханям хэлэв. Гэхдээ түүнд хэн нь юугаа унаж, алинд нь эмээл тохож байгааг ажих зав байсан биш, тогоо тулгатайгаа зууралдаж өнждөг хүн.

-Энэ тархинууд үдшийн шүүдрээр морины эмээл тохом хуучиж чадах л байх, хэлээд байхад чихгүй толгойнууд гэсээр Доожав шар навчны тамхи эрхий хурууныхаа хумсан дээр овоолж энгэртээ савируулан домбон хамартаа чихэж хөгшнийхөө аягалж өгсөн цайг хоёр гурав ховх сорох нь үнэхээр л дотор нь аргаж шатаж байгаа бололтой.

-Өнөөдөр юманд явахгүй биз дээ. Хүүхдүүд тал тал тийшээ мордоод явчих юм, муу Цэндэм бид хоёроос өөр энэ хотонд майтрах юм үлдэхгүй. Та нарын бараа харагдах биш гэх нь өвгөнөө дахиад архи айраг эргүүлээд алга боловзой гэсэн сануулга байв.

Энэ хоёр хүн залуудаа нэг нь аян жин, арилжаа наймаа хөөцөлдөн гэрийн бараа харахгүй алга болж, нөгөөх нь хэдэн халтар хүүхдийг нь өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болох нь холгүй явсан. Тэглээ гээд Лханям эр нөхөртөө үглэж дуулаад байхгүй болоод л байсан.

Харин өтөлсөн хойноо бузгай ханьсаж бас ч гарч орохыг нь цагдах янзтай. Тэглээ гээд эр залуугаасаа эхлээр голцуу явсан хүний хөл хоригдох юм биш. Лханям хааяа "ингэж согтуу нойтон явж байж хээр үхэж хэдэн хүүхдийн нэр битгий хугалчаарай" гэж хэлж үзсэн.

Тэгтэл өнөө "хэдэр" хөх өвгөн хажуугийн хавцал доргитол чангаар хөхөрч,

-Тийм хийморьгүй эр хүн хаа байсан юм. Доожав хүүг тоодог чөтгөр манай нутагт л лав байхгүй гэж ирээд агдалздаг байв. Одоо бол тэгж элдэв хоёрт ам гарч болохгүй, аархаж явдаг нас талийсан гэж санана. Тэр дундаа Нанзайг тэнгэртээ явчихсанаас хойш цаанаа л нэг ганцаардан улам ихээр бодох болсон.

Ямар нэгэн үл үзэгдэх хар юм өөрийг нь отоод байгаа юм шиг, аль эсвэл өөрөө нүгэлтийн нүдний өмнө хэнэггүй бүртэлзэж яваа ч юм шиг эсэн бусын бодол тээж, түүндээ улам итгэх болжээ. Нас цаашилж байгаа нь тэр.

"Лханям өнөөдөр намайг аргэмжих янзтай. Уг нь Гэндэнгийнхээр бууж ганц нүүдэг юмуу гэж санасан, энэ чавганц хялалзах бололтой. Гэнлэн уржигдар "гэтүүр" Тогоог
гурав мад тавьсан сурагтай, хэдийдээ тийм сүрхий болчихсон юм" гэж санан тоонон өөдөө харав.

Сайхан өдөр болох янзтай гүн цэнхэр тэнгэр тэртээ дээр чимээгүй мэлтийн, гадаа болжмор шаагих нь сайхан намар цагиин өнгииг илтгэнэ. Шаазгайтын гол ингээд нэг налайн тавирч, өрмөн шаргал дуниар татаад ирэхээрээ уудаг амсдаг хүн гэртээ тогтохын аргагүй хөл болдог нь үнэн. Найр наадам хөллөж, тэртэй тэргүй Доожав мэт ахалж захлах хүн гэртээ хэрхэн тогтохов.

Энэ жил тийм л сайхан цаг байлаа. Зарим намар Шаазгайт хохилзож хөхөлзөөд аашаа хувирган, өрхний хушуу тоонон дээрээ дэвэлзээд ирэхийн цагт бол юуных нь найр наадам, өвөр хавцлаа бараадан нүхэндээ орж авсан нь хол дээр. Тохигүй намар болохын шинж. Өвөр хавцал гэдэг хүн малын диваажин. Доожав дахин нэг аяга цай яарамгүй оочлох зуураа хөгшиндөө сонь болгон,

-Цаана чинь "гүзээ" Гэндэн гэж нэг лут нүүдэг хүн тодорсон бололтой гэнэ дээ. "Гэтүүр" Тогоод нүүдэл гаргахгүй гурав шүүсэн гэнэ гэж яриа өдөн хөгшнөө нүдний булангаар гүймэг харлаа. Лханям зуухныхаа аман дээр тугалын суран уяаны чивчирсэн зангилаа тайлах гэж хичээн хушуу ам нь янз янз болон хүчлэх зуураа дээшээ ч харалгүй,

-Тэгээ юу, Гэндэн ч угаасаа таныг бодоход ноён, бэрс хоёроо ялгахтайгаа байхаа гэвээс Доожав нугалж суусан өвдөгөө алгадан бахтай хөхөрч,

-Ээцгийгээ алд! гэв. Лханям хөгшнийхөө хорыг эвтэйхэн малтсандаа дотроо урамтайгаар шамшилзан инээд алдав. Доожав шатар гэвэл унасан мориныхоо цулбуурыг ч атгуулаад явгарч чадах хүн. Лханямыг мөрийнд тавиад туучаагүй нь их юм. Бас ч гайгүй нүүнэ.

Нэг гэм нь нүүдэл суудлын аль бачуу давчуу цагаар юмуу, ноос үсний үед шатрын мөрөө хөөчихвөл хонуут өнжүүтээр орон гэрээ мартаад бараа тасарна. Зэргэлдээ суманд ч сураг нь гарч байж чадна, чухамдаа айхавтар донтой. Тэр нь даанч хэцүү, архинд орсон хүнээс ч долоон дор.

Яг л тэр хөлд нь салхи орсон өдөр ирж байгаа нь энэ, түүнийг Лханям дотор нь орсон юм шиг мэдэж байв. Доожав зүүн хоймроо завилсан чигээр чилээрхэж байгаа бололтой эвшээх хоорондоо яагаад ч юм "өтлах өө гэж!.. Өөрийн мэдэлгүй болж дуусдаг юм шив дээ гэсэн шүү юм санаж хөгшинөө харав.

Лханям өвгөнийхаа дотор ороод гарсан шиг юу санаж байгааг нь гадарлаж гэнэт өрөвдөв. "Энэ залуудаа бол хэзээний гараад алга болчихсон байгаа, одоо би энийг цагдаад ч яах билээ. Хэдэн жил ч энэ гэрт хорих юм" гэж санав.

Доожав тоонон өөдөө дахин өлийж хэсэг чимээгүй сууснаа,

-Өнөөдөр чинь шинийн зургаан уу? гзж эхнэрээсээ асуув. Энэ нь ямар нэгэн яриа өдөх арга бололтой. Цаг тоог бодож тооцохдоо жаахан маруухан Лханям өвгөнөө том харснаа,

-Тийм юм болов уу даа хэмээн үгийг нь дагуулав. Өвгөн нь түүнд цаанаа л нэг өрөвдөлтэй, хүний эрхэнд юм шиг харагдлаа. Өнөө залуугийн сүр жавхлан хайчив, зүгээр л нэг лүглийсан хар хүрэн хүн хоймор эзэлнэ.

-Яахнав, та чөдөртэй мориндоо хүүхэд гүйлгэх нь үү? гэж Лханям өвгөнөө цаашлуулав. Доожав хариу хэлэхийн оронд юу ч болоогүй мэт хөхрөн Лханямын эгдүүг хүргэнэ. Юун өнөө хорьж цагдах, энэ айлд болдог л юм болж, ярьдаг л яриа эв түнжинтэй үргэлжилж байгаа нь энэ.

-Цоохор Мижээ өчигдөр буугаад мордсон, таны араас очив уу?.. Найран дээр ч та хоёр юугаа ярих вэ дээ гэж эхнэр нь хэлэв.

-Аа, тэр архи идээгээр шахна гээд дөрөө мултлахгүй. Ямар хэрэг гараа юм бол гэхдээ Доожав залхаж суугаа бололтой байдгаараа гараа алдлан суниав. Лханям ч тэссэнгүй авдрын шугуй руу гараа явуулахдаа,

-Шараа тайлуулмаар байна уу, хээр хоночихсон амьтан шиг байж байгааг нь. Хэдэн хүүхэд чинь харвал айх байгаа гэхдээ морин шилтэй шимийн архи суга татаад ирэв.

-Шинийн зургаан бол миний хүн болж төрсөн данстай өдөр байна гэж Доожав их л эрхэмсэг бардмаар инээд алдлаа. Үнэхээр тэр намрын дунд сарын шинийн зургаанд төрсөн гэж засгийн бүртгэлд данстай ч үнэн худлыг бүү мэд, өөрөө өдөр судраа мартахгүй гэсэндээ ийм нэгэн оноомол тоог авч явдаг хүн.

Хожим хойно сайн зүгийн зам мөрийг нь гаргах болоход бурханы хүртэл толгой эргэх юм энэ. Харин Лханямыгаа хаврын эхэн сарын хар хавсарганаар төрсөн гэдгийг Доожав хэнээс ч илүү сайн мэдэх юм. Лханям,

-Ва, гэгээнтэн минь! Тэгээд одоо би яахав, чаддагаараа хүүхэд гаргаж өгч тус болох уу? гэсээр хоёул хоолой хоршуулан хөхрөлдөв.

-Чаддаг юм бол тэг л дээ, гаргаад аль!

-Пах базарваань, тэгж дүүрээд яахав. Тэгдэг бол энэ гол усныхан лав үхэн үхтэлээ ярих юмтай болох байлгүй.

-Үгүй яахав дээ хө, өнөө Доо чинь эхнэрээ дахиад цүдийлгэчихэж. Лханям ч өөрөө тэвчээр муутай амьтан гэж л хэсэг шуугина биз гэсээр Доожав эхнэрийнхээ гарыг дагуулан горьдонгуй харна. Лханям шар тос хөвүүлэн халаасан шимийн архиа мөнгөн аяганд хийж барихдаа,

-Миний гараас ганц аяга юм салгах гэж та мөн элдэвлэж байна аа. Хатуу, харамч эхнэртэйгээ одоо мэдэв үү. Надтай ингэж байхаар Сайнхүүг хормойдсон. бол танд дээр байсан даа. Сайнхүү ч залуудаа сайхан хүүхэн явсан шүү. Одоо ч гэсэн дээ, сумын уран сайханд бийлээд гүйж явна гэх чинь билээ гэв.

-Уухайс, одоо л бүх юм номоороо болж байна.

-Яав, шар чинь тайлагдаж байна уу?

-Өө, энэ тайлагдана гэж огт байхгүй. Харин чиний наад хардах намайг бүүр залуу хүн шиг омогшуулчихлаа. Ингэхээ мэдсэн бол тэр муу Сайнхүүг чинь аль эрт тэнгэр харуулах байсан юм, даанч чи гэж нэг юм гай болоод.

-Хөлс чинь бурзайгаад ирлээ, ингэж өөрийгөө зовоож яана!

-Чухамаа, чухам юу гэхэв! Хаширч гийгүүлэхгүй юмдаа. "Гэтүүр" Гэндэнгийн лүү хүүхэд шогшуулдаг юм билуү.

-Айлд хөглөрч байхаар тэр нь дээр байлгүй. Тэгвэл би та хоёрт тогоо тавьж өгнө. Эртүүдийн хонины хаа ч байна гэж Лханямын хэлэх хүүхэд гаргаж өгөхөөс ч илүү сайхан сонсогдож байв.

-Ер нь би Базархүүг тийшээ мордууллаа. Өнөөдөр нэг сайхан хэвтэж өнжье, Гэндэн шогшоод л ирнэ гэсээр Доожав сэвэлзэн гарав. Тос даасан том улаан нар өмнө уулын хэц дээрээс мэлтэлзэн өндийж, өвгөн залуу чийрэг болсон мэт тэвхэлзэж байв.

Сайхан ч шаргал өглөө байлаа. Доожав өвгөн их ертөнцийн энэ сайхан, тув тунгалаг өглөөний нарыг дахин олон олон жил угтан золгоно.

Үлгэр ч гэсэн амар сайхнаараа жаргадаг орчлон дээр үзэж эдпэх бүхэн төгстөл хаа ч байсан юм, Доожав хоёр гэрийн хооронд дотроо шатрын нүүдэл цэгцэлж явлаа. Амьдрал ч гэлээ нүүж дуусахгүй нүүдэл, бууж гүйцэхгүй буудал юм даа.

Санжийн Пүрэв