sonin.mn

2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Улаанбаатарын гудамжинд нааш цааш яаран алхах хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, улстөрчдийн амлалтын биелэлт хийгээд шинэ хичээлийн жил тэдэнд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэж байгаатай нь чухасхан танилцав.

Н.Энхтайван: УИХ-ын гишүүн Г.Уянгын барааг харалгүй хоёр жил болсоон
Бидний уулзсан эхний хүн бол хоёр хүүгийнхээ дүрэмт хувцсыг авахаар өглөө­нөөс хойш дугаарласан ч авч чадалгүй урамгүйхэн буцаж явсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Энхтайван байсан юм.

-Танай дүүргээс сон­гогдсон УИХ-ын гишүүн хэн байна. Сонгуулийн сур­талчилгааны үеэр ямар амлалт өгч байсан бол?

-Манайхаас Г.Уянга УИХ-ын гишүүнээр сонгогд­сон. Барааг нь харалгүй хоёр жил болсон. Өвгөн бид хоёр хоёр хүүх­дийнхээ дүрэмт хувцсыг авах гэж энэ хойно “Төмөр трейд” гэнэ үү дүрэмт хув­цасны үйлдвэрийн гадаа өглөөнөөс хойш дугаарлаад авч чадсангүй.

-Танай хоёр хүү энэ жил хэддүгээр ангид орох вэ. Дүрэмт хувцасных нь үнэ хэд орчим болж байна?
-Тав, долоодугаар ангид орно. Дүрэмт хувцас нь 100 гаруй мянган төгрөг л юм шиг байна лээ. Авч чадаагүй болохоор сайн мэдсэнгүй. Дүрэмт хувцсыг нь сургууль сургуулиар нь тараачихаж болдоггүй л юм байх даа.

Саяхан л тэр Л.Гантөмөр сайд нь дүрэмт хувцас, сурах бичгийн хүрэлцээ сайн байгаа гээд байсан. Гэтэл яг амьдрал дээр бөөн бужигнаан болоод авч чадахгүй л явж байна шүү дээ.

Г.Ганзориг: Малынхаа буянаар охиныхоо сургалтын төлбөрийг төлчихлөө
Бидний дараагийн уулз­сан хүн бол бага охиноо МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерч­лэлийн ангид оруулж, айлын хажуу өрөө хөлсөлчихөөд явж байгаа Хэнтий аймгийн иргэн Г.Ганзориг гуай байлаа.


-Та янз нь охиноо сур­гуульд нь бүртгүүлж яваа хүн юм аа даа?
-
Тийм ээ, хүү минь. Би Хэнтий аймгийн малчин. Ах нь хоёр охинтой. Бага охин Дэлгэрнямаагаа МУИС-д оруулж, айлын ха­жуу өрөө хөлсөлчихөөд са­наа амраад явж байна.

-МУИС-ийн нэгдүгээр курсын жилийн сургалтын төлбөр нь өндөр байна уу?
-Өө, их өндөр үнэтэй юм аа. Жилийн төлбөр нь хоёр сая гаруй төгрөг нэхэж байна. Хэдэн малынхаа ашиг шимээр ямар ч гэсэн талыг нь төлчихлөө.

-Дотуур байр олдсонгүй юу?
-Тэр дотуур байр нь мань мэтийн хүн танихгүй, хөдөөний хүнд олддог эд биш байна. Тэгээд яах вэ дээ, сарын 250 мянган төгрөгийн үнэтэй, айлын хажуу өрөөг 10 сараар хөлсөлчихлөө. Ингээд нийтдээ гурван сая 500 мянган төгрөг бэлнээр тушаачихаад л явж байна.

-Танай аймгаас Б.Гарам­гай­­­баатар, Б.Бат-Эрдэнэ нар УИХ-д сонгогд­сон. Нутгийнхаа төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Бат-Эрдэнэ аварга хааяа нэг зурагтаар харагдаж л байдаг юм. Гарамгайбаатар гишүүн үе үе нутагтаа ирдэг юм. Хэнтийн замыг засч өгсөнд нь талархаж яваа.

Г.Бадам: Гантөмөр сайд дүрэмт хувцас, сурах бичгийн хангалт сайн л гэж байсан
(Сүх­баатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Бадам)

-Өнөөдөр хичээлийн ши­нэ жилийн нээлт болж бай­на. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүтэй айл. Хүүхдүүд сургууль соёлоо төгсч тусдаа гарц­гаасан. Харин ач нарын сур­­гууль, хичээл өнөөдөр эхэлж байгаа.

-Танай дүүргээс УИХ-д ямар гишүүн сонгогдсон бэ. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн та­лаар ямар амлалт өгч байс­ныг нь санаж байна уу та?
-Өө ах нь тэр УИХ-ын гишүүд энэ тэрийг огтхон ч сонирхдоггүй. Тэгээд ч би голдуу хөдөө байдаг хүн. За даа, энэ УИХ-ын гишүүн нөхдүүд ч бүгд адил юм шив дээ.

Сонгуулийн үеэр хөхөө шиг донгодож байж гарч ирээд төд удалгүй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй алга болчихдог шүү дээ. Монголын улстөрчид ч дээ мэдэхгүй, нэг их зүйл горьдож хараад байхааргүй л хүмүүс байх юм байна шүү дээ.

Д.Алтанцэцэг: Ж.Батзандан гэж гишүүн байх л учиртай
(Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн)


-Та сургуулийн насны хэдэн хүүхэдтэй вэ?
-Эгчийнх нь том хүүхэд оюутан, бага охин есдүгээр ангид орно.

-Та хэд дүрэмт хувцсаа авчихаад явж байгаа юм аа даа?
-Тэглээ. Өглөөнөөс хойш дугаарлаж, сүйд болж байж нэг аваад явж байна.

-Миний дүү хэддүгээр сургуульд сурдаг вэ?
-Манайх харьяаллын дагуу 14 дүгээр сургуульд хүүх­дүүдээ сургадаг байсан. Тэгсэн чинь 14 дүгээр сур­гууль нурах аюултай гээд одоо 44 дүгээр сургуульд сурч байна. Дэндүү олон хүүхэдтэй учир гурван ээлжээр хичээллэсэн болж бай­гаа. Ноднин аймаар ачаа­лалтай байсан. Энэ жил дахиад л давтагдах нь тодорхой.

-Танай дүүргээс УИХ-д ямар хүн сонгогдсон билээ?
-Уг нь Ж.Батзандан гэж гишүүн байх л учиртай. Тэр хүн чинь уг нь 2-3 сургууль шинээр байгуулна гэж л амлалт өгч байсан хүн шүү дээ. Харин шинээр барих байтугай хуучин байсныг нь нураана гэчихээд өнөөдөр ч нураагаагүй байж л байна.

Бид нар шиг хүмүүс хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэг л харж байгаа. Гэтэл шинээр байгуулах нь байтугай улам л дордоод байх юм байна шүү дээ.

-Оюутан хүүхэд нь хаана сурдаг вэ. Сургалтын төлбөр нь хэд болж вэ?
-УИХ-ын гишүүн Д.Лүндээ­­­­жанцангийн “Ши­хи­­­­хутаг” дээд сур­гуулийн хоёр­дугаар курсэд орно. Жилийн төлбөр нь ноднин хоёр сая 200 мянга байсан чинь энэ жил 400 мянгаар нэмэгдчихсэн байна. Яаж төлдөг юм билээ гээд гайхаад л явж байна.

-Та хаана ямар ажил хийдэг вэ?
-Эгч нь автобус нэгд кондуктор, манай өвгөн бас тэнд жолооч. Сая хотын даргын шийд­­вэрээр долоо хоног автобус билетгүй яваад ор­лого, цалин байхгүй хэ­цүү­дэж байна. Уг нь гайгүй орлого хийчихвэл охиныхоо сур­галтын төл­бөрийн талыг ч болтугай хийчихнэ гэж бодож байсан чинь ингээд баларчихлаа. Яадаг юм бүү мэд.

-Охиныхоо дүрэмт хувц­сыг хэдэн төгрөгөөр ху­далдаж авсан бэ?
-Энэ хойно “Төмөр трейд”-ийн хашаанд өглөө­нөөс хойш дугаарлаж байж арайхийж нэг юм авлаа. Эхлээд Дүнжингарав дээр очсон чинь ёстой толгой багтах зайгүй бөөн юм болж байна лээ. Тэгээд эндээс арай гэж л нэг юм авлаа.

Охины хувцас нь 117.760, энэ хоёрдугаар ан­­­­гийн хүүгийнх цамцгүй авахад л 62.500 болж байна. Энэ манай дүүгийн хүүхэд байгаа юм. Ийм л байна даа, дүү минь. Хэцүү байна аа. Хойшдоо яадаг шүү юм болдоо, чааваас.

Д.Түвшин

Эх сурвалж: