sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болох олимпын наадамд оролцогчид болон тэмцээнийг үзэгчдэд туслах сайн дурынхныг уг наадмыг зохион байгуулагчид бүртгэж эхэлжээ. Энэ тухай Олимпын тоглолтын цахим хуудсанд мэдээлжээ.

Олимп болон Паралимпийн тоглолтын үеэр ажиллах нийтдээ 70 мянган сайн дурынхныг цуглуулахаар төлөвлөсөн байна. Урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс англи хэлний сургалтад сууж, тоглолтын үеэр гүйцэтгэх ёстой ажилд бэлтгэх ажээ. Сайн дурынхны багт 18-аас дээш насны бразилчууд төдийгүй гадаадын иргэд ч орж болно.

Орос, хятад, араб зэрэг 40 орны хэл эзэмшсэн сайн дурын туслагчид шаардлагатай байна гэж Олимпын наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ. Сайн дурынхан арваннэгдүгээр сарын 15 хүртэл Олимпын тоглолтын цахим хуудсанд бүртгүүлж болно.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг