sonin.mn

Монгол Улсын экологийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан "Байгальский диалог" олон улсын чуулга уулзалтад мэдээлэл хийв.

“Байкальский диалог” олон улсын чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Эрдэнэ, Д.Арвин, С.Одонтуяа, Н.Энхболд нар оролцлоо. Чуулга уулзалтын хүрээнд “Экологи ба эдийн засаг",  "Харилцан хамаарлын орчин үеийн асуудлууд” сэдэвт дугуй ширээний уулзалт, “Байгаль далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт парламент хоорондын уулзалтууд болов.

ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчук уулзалтад оролцож, Байгаль далайн бүс нутгийн экологийн бодлогын хэтийн төлөв, хог хаягдлын менежментийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Монгол Улсын экологийн нөхцөл байдал болон өөрийн байнгын хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, илтгэл тавив.
 
Байгаль далайд болсон тус чуулга уулзалтад Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын оролцсон бөгөөд манай төлөөлөгчид В.В.Наговицынтой уулзаж Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдлын асуудлаар санал солилцжээ.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг