sonin.mn

Попын хаан Майкл Жэксоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү хүндэтгэлт өдрийг тохиолдуулан “Refresh Music Festival 2014” наадам Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

 Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулж байна. Наадмыг Монголд анх удаа нэгэн зэрэг гурван хэсэгт хуваасан тайз засалт, хөгжим гэрэлтүүлгийн төгс шийдлээр зохион байгуулахаар зорьж байгаа юм.

Тайзыг A, B, C гэж ангилан A хэсэг буюу 10000 хүний багтаамжтай “Main electro music arena” хэсэгт “A sound” хамтлаг, дуучин Б.Чойжоо, Г.Тэнүүн нар хамтран Майкл Жексонд зориулсан концерт, “UFO” хамтлаг шилдэг DJ нартай хамтран электро урсгалаар тоглох юм.

Харин B хэсэг буюу “Velvet, RnB, Hip Hop music arena”-д 3000 хүн багтах боломжтой хэсэгт реппэр Gee, Монголын шилдэг бүжгийн хамтлагууд болох “Hooliganz crew” болон “ONYX crew” нар Breakdance battle хийж үзэгчдийг баясгана.

Сүүлийн хэсэг болох C хэсэг буюу 1000 хүний багтаамжтай “Хар сувд” хөлөг онгоц дээр “Mambo Jambo Latino arena” хөгжмийн үдэшлэг болох юм. Энэхүү фестивалийн тасалбар нь 20000 төгрөгийн үнэтэй. Үүгээр паркын бүх хэсэгт нэвтрэх бүрэн эрхтэй юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг