sonin.mn

КИЕВ. /Reuters/. Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдэд зэвсэг хүргэхээр явж байсан нэг орос цэргийг манай хүчнийхэн баривчилсан гэж Украины Засгийн газар мэдэгдлээ.

Украины аюулгүй байдлын албаны мэдэгдсэнээр, засгийн газрын хүчнийхэн болон Оросыг дэмжигч босогчдын хооронд байлдааны ширүүн ажиллагаа өрнөсөөр байгаа зүүн нутгийн Луганск мужаас энэ цэргийг баривчилжээ.

Баривчлагдсан цэрэг нь Оросын өмнөд хилийн Ростов хотод байдаг цэргийн ангийнх ажээ. Салан тусгаарлах үзэлтнүүдэд цэргийн зэвсэг хэрэгсэл, тухайлбал, хуягт тээврийн хэрэгсэл, пуужин харвагч хүргэж өгөхөөр энэ цэрэг болон тус ангийн бусад цэрэг Украины нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт, Оросын хилээс 20 км зайтай улсынхаа зүүн нутгийн мужаас Оросын 10 шүхэрчнийг Украины хүчнийхэн баривчилсан билээ. Тэднийг тусгай үүрэг гүйцэтгэн явж байсан байж болзошгүй гэж Украин сэжиглэж байгаа юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг үгүйсгэж, цэргүүд санамсаргүйгээр хил давсан гэсэн билээ.

Энэ асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг Германы Канцлер Ангела Меркель лхагва гарагт утсаар ярихдаа Путинаас хүссэн юм. Украины армийн шинжээчдийн үзэж буйгаар, байлдааны ажиллагаа бараг болохгүй байгаа бүс рүү босогчид хүрээгээ тэлэх боломжийг Оросын шууд тусламж бий болгож байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг