sonin.mn

2014-2015 оны хичээлийн жилд 45 монгол оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрантур, докторантурын чиглэлэлээр тус улсын их, дээд сургуулиудад суралцана.

Тодруулбал, 3 оюутан докторантур, 14 оюутан магистрантур, 28 оюутан бакалаврын чиглэлээр суралцах эрх авчээ.

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамарсан оюутнууд сар бүр оюутны тэтгэлэг авч, оюутны байраар хангах юм. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. Оюутнууд эхний жил Турк хэлний бэлтгэл ангид суралцах бөгөөд нийт 5 жил сургалтын төлбөр төлөлгүйгээр суралцаж төгсөнө. Оюутнуудад суралцах хугацаанд нь тус тусын мэргэжлээр дадлага хийх боломжийг олгодог. Тэтгэлэгт хамарсан оюутнууд Туркийн Истанбул, Анкара, Измир зэрэг хотын их, дээд сургуулиудад өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцдаг.

Тус улсад одоогоор Монгол Улсаас 900 гаруй оюутан залуус суралцаж байна. Үүний  350 орчим нь Туркийн Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр дэлхийн 170 орчим орны залуус бүртгүүлдэг бөгөөд оюутан сонгон шалгаруулалтыг Туркийн Хилийн чанад дахь Туркууд, ах дүү орнуудын захиргааны газар удирдан явуулдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудсаар явуулдаг бөгөөд Туркийн Засгийн газрын тэтгэлэг эхлэх хугацааг тус улсын Элчин сайдын яамдууд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй улс, орны иргэдэд дуулгадаг байна.

Энэхүү тэтгэлэгт хамарсан монгол оюутнууд эдийн засаг, инженер, улс төр судлал, анагаах ухаан, нийгмийн ухаан, Турк судлал, урлаг, уран зохиол, банк санхүү болон шинжлэх ухааны чиглэлээр сурч боловсорч байна.

Түүнчлэн Туркийн Зэвсэгт хүчин энэ жил Монгол Улсын Батлан Хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын их сургуулийн 11 сонсогчид тэтгэлэг олгожээ. Мөн Туркийн Цагдаагийн академи жил бүр Монголын оюутан залууст тэтгэлэг олгодог аж.

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт 2014-2015 оны хичээлийн жилд нийт бакалавр, магистрантур, докторантурын чиглэлэлээр 176 орны 82,000 тэтгэлэг горилогч бүртгүүлсэн байна. Үүнээс урьдчилсан сонгон шалгаруулалтад 100-аад орны 10,000 иргэн тэнцэж сонгон шалгаруулалтын төгсгөлийн шат болох ярилцлаганд орох эрх авчээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг