sonin.mn

Жил бүрийн намар хамгийн тулгамдсан асуудлын нэг бол эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах явдал болоод олон намрыг үдэж байна.

“Цэцэрлэгт хүүхдээ оруулж чадав уу?”
гэх үг энэ л өдрүүдэд ажил дээр ч, гэрт ч, гудамжинд ч хүмүүсийн дунд чухал ярианы сэдэв болоод байна. Хүүхдээ, ач, зээгээ хэдэн өдрөөр хонон өнжин цэцэрлэгийн үүд сахин байж оруулж чадвал ёстой тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Харин цэцэрлэгт хамруулж чадаагүй нь хүүхэд харах хүнгүй бол ажил хийх боломжгүй болно. Хэнээр хүүхдээ харуулах вэ? гэсэн том асуудалтай тулгардаг.

Өнөөдөр улсын цэцэрлэгүүд өндөр ачаалалтай үйл ажиллагаа явуулж байна. Уг нь стандартын дагуу 25 хүүхэд авах ёстой ч манай цэцэрлэгийн анги тус бүрт 40-50 хүүхэдтэй үнэхээр чихцэлдэж байгаа нь бодит үнэн.  Стандартын түвшинд анги дүүргэлтээ хийгээгүйгээс элдвийн халдварт өвчин тархах, агаарын болон хөдөлгөөний дутагдалд орохоос эхлээд олон бэрхшээл тулгардаг. Үүнийг мэргэжлийн хяналтынхан ч анхааруулсаар байдаг.

Харин Германд цэцэрлэгийн нэг ангид 10-12 хүүхэд л хүмүүждэг байна. Энэ бол хөгжилтэй улс орнууд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч байгаагийн тод жишээ. Бага насны хүүхдийг хүмүүжүүлэх багшийг ч төр засгаас нь тодорхой бодлогын хүрээнд системтэйгээр бэлтгэдэгээс гадна  багш нарын хөдөлмөрийг ч зохих ёсоор нь үнэлж, урамшуулдаг аж.  Энэ чухал асуудлыг манайд шийдвэрлэх нь байтугай хүүхдээ хараа хяналттай байлгаж, ажил хөдөлмөрөө тайван эрхлэх боломж ч байдаггүй.

Улсын цэцэрлэгийн хувьд байр савны насжилт өндөр болсон, стандарт шаардлага хангахгүй цэцэрлэг олширсон. Олон жилийн турш дээвэр, туургаа нөхөж додомдсоор л аргацаадаг нь нууц биш.  Мөн хуучирсан гээд нураасан цэцэрлэгүүдээ шинэчилж амжаагүй, төсөв мөнгө гацсан зэрэг шалтгаанаар зарим цэцэрлэгийн барилгын ажил зогсдог гэм бий.

Харин гадаадаас цэцэг авчирч зуны хэдэн сард хотоо гоёод хогийн сав руу ордог хөрөнгө, хогийн уут тарааж тэрбум, тэрбумыг зарцуулдаг мөнгөөр  үр хүүхдүүдээ зориулж шинээр цэцэрлэг барих байсан юм гэж халаглах хүмүүс ч бий. Энэ бол үнэхээр аргаа барсан хүний үг. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд төлбөр өндөр. Сарын 150-450 мянган төгрөгөөр хүүхдээ хувийн цэцэрлэгт хамруулж чадах нь хэд билээ.

Өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь ногоон уут тараахаас чухал гэдгийг ч залуу эцэг эхчүүд онцолж байна.

Энэхүү тулгамдсан асуудалд төр засгаас ямар арга хэмжээ авч байгааг сонирхвол, Монгол Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 202 мянга шахам хүүхэд хамарсан судалгаа гарчээ. Үүнээс 156 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрах юм.

Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 45-аар, 8200 гаруй хүүхдээр нэмэгдсэн байна. Харин нийслэлд цэцэрлэгийн насны 106 мянган хүүхэд байгаагаас 71,3 хувь цэцэрлэгт хамраад байгаа юм. Харин энэ хичээлийн жилд хамрагдалт 76.5 хувьд хүрэх төлөв байгаа хэмээн БШУЯ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсээс мэдээлсэн. Тус яамны мэдээллээр энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаа юм.

Судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь  буюу энэ жил 54 мянган хүүхэд цэцэрлэгт хамрахгүй. Мөн энэ онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийж байгаа.

Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орох төлөв байгаа аж. Харин энэ бүх ажил амьдрал дээр хэрхэн хэрэгжих бол...

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг