sonin.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ оны ургацын урьдчилсан балансын дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.

7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багасч, халснаас үүдэн хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд мэдээллээ. Үүний зэрэгцээ 9 дүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна.

Ургац хураалтын ажилтай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг Засгийн газраас салбарын яам, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид, ургац тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварыг шуурхайлж, цахилгаан эрчим хүч, шатах тослох материалаар тасалдалгүй хангахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Гансүх нарт даалгалаа.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг