sonin.mn

Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын 3 дугаар наадам, Ахмадын баярыг угтан 7-р хорооны Засаг даргын Ажлын алба, Ахмадын зөвлөлтэй хамтран ахмадуудын дунд шагайн наадгай тэмцээнийг зохиож байгууллаа.

Монголын уламжлалт спортын төрлийн нэг тус тэмцээнд ахмадууд идэвхитэй оролцож шагай шүүрч, шагай няслаж, морь уралдуулан авхаалж самбаагаа сорисноос 1-р байрт Б.Мядагмаа, 2-р байрт С.Сүхбаатар, 3-р байрт С.Сособарам нар тус тус орж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулав.

Энэ үеэр тэмцээнд оролцож байгаа ахмадууд “Бид нүүдэлчин соёлтой Монгол зон олон таван хошуу малынхаа шагайгаар эртнээс нааш тоглон, наадаж ирсэн. Мөн алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, шагай няслах, дөрвөн бэрх орхих зэрэг олон арван төрлөөр нааддаг.

Түүнчлэн шагайгаар азаа үзэх болон мэргэ төлөг ч хийдэг. Шагайн дөрвөн талаар хонь, ямаа, морь, тэмээг төлөөлүүлдэг ба онх буувал үхэр буулаа хэмээдэг билээ. Энэ сайхан тоглоом наадгайгаа хойч үедээ таниулах үлдээхэд хорооноос анхаарч уг тэмцээнийг зохион байгуулж байгаад баяртай байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцаж байлаа.