sonin.mn

Монголын Үндэсний номын сангийн шинэ цогцолборын шав тавих ёслол намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу өнөөдөр боллоо.

2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгосон бөгөөд шав тавьснаас хойш өдгөө 6 жилийн дараа энэхүү шинэ барилгын ажил эхэлж байгаа юм.

Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа, “Энэхүү цогцолборыг 12 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Засгийн газрын санхүүжилтээр хоёр жилдээ багтаан барьж чадвал энэ төсөв хүрэлцэх байх гэдэгт итгэлтэй байна” гэв.

Зураг төслийн ажлыг “Эгэл” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр АКМИ холдинг компани шалгарчээ. Тус шинэ барилга нь нийт 11 давхар, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж сүндэрлэх юм.

Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба 5-аас дээш давхарт үндсэн фондууд байрлах аж.

Тус номын сан нь монгол үндэстний төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, шинжлэх ухаан судалгааны гар бичмэл, барламал эх сурвалжууд, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг хадгалагчийн хувьд улсын онцгой обьект юм.

Эл барилгыг 1951 онд барьж ашиглалтад орсноос хойш 63 жил өнгөрч, тухайн үед 500 мянган номтой байсан бол одоо 3 сая гаруй номтой, 9 фонд, 5 уншлагын танхимаар уншигч, хэрэглэгчид, эрдэмтэн судлаачдад үйлчилж байна.  2014-2016 онд  энэхүү цогцолборыг барьж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг