sonin.mn

“Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөр нь их хотын иргэн, хүүхэд залуусыг цэвэр агаарт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Хөтөлбөр 2 үе шаттай, зуны, өвлийн гэсэн тодотголтой. Зуны хөтөлбөр нь энэ сарын 30-наас 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд бямба, ням гаригуудад дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээгээр эхэлнэ. Хоёр дахь үе шат болох цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ нь 12 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 16-ныг дуустал явагдах юм.

Энэ хугацаанд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад өглөө 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл 2 цагийн давтамжтайгаар Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээвэрээр үйлчилнэ. Хүй долоон худагт унадаг дугуй, цана, чарга, тоглоом, наадгайгаар үйлчлэх бүх төрлийн үйлчилгээг цогцоор шийдэх юм. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуй засварын цэг, х-treamспортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк, хоол, худалдаа зэрэг цогц үйлчилгээг явуулж байна.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг