sonin.mn

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох хуульчийн мэргэжлийн шалгалтыг 11 дүгээр сарын 12, 13,14-ний өдөр авахаар боллоо.

Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор өмнөх сонгон шалгаруулалтаас тус шалгалтын ач холбогдол, үр дагавар мөн өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал, цаашид өмгөөлөгчийн тусдаа шалгалт байхгүй, хуульчийн шалгалтад тэнцсэнээр хуульчдын өөрийн удирдлагын байгууллага болох Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нэмэлт шалгалтгүйгээр эдлэх боломжтой болох юм байна.
 
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг өмнө үйлчилж байсан хууль зүйн зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ ба хуульчдын дундах судалгаанд суурилж боловсруулжээ. Судалгааны хүрээнд шалгалтын хэлбэр, агуулгыг шинэчлэх хэрэгцээ тодорхой харагдсан бөгөөд шударга байдалд үл итгэх байдал зонхилж, жинхэнэ хуульчид тавигдах мэдлэг, ур чадварыг сорьж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.
 
Иймд шинэ журмыг шалгалтын зохион байгуулалтад аль болох хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлах, нарийвчлан журамлах, цахим хэлбэрт шилжүүлэх, хяналтын механизмыг ажиллуулах, нууцлал ба шалгалтын шударга байдалд нөлөөлөхөөргүй бүх мэдээллийн ил тод байдлыг хангах, бүртгэл гэх мэт оролцогчдын тооноос шалтгаалан ачаалал шаардсан ажлыг цахимжуулах чиглэлийг барьж боловсруулсан байна.
 
Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авахаар бэлтгэж байна. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусна.
 
Шалгалтад оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/хаягаар авах, бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг