sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц материалыг Катарын эрх баригчдад дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа, Египетийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг мөрдөн шалгах ажиллагааг тус улсын эрх баригчид эхлүүлжээ. Энэ тухай Египетийн мэдээллийн “MENA” агентлаг мэдээлсэн байна.

“Египетийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа Катарын телевизийн “Аль-Жазира” сувгаар дамжуулан улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой баримт бичгийг тус улсын эрх баригчдад өгсөн хэрэгт Мухаммед Мурсиг буруутгасан байна” гэж “МЕНА” агентлаг мэдээлжээ.

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан олныг хамарсан жагсаал цуглааны дараа 2013 оны долдугаар сарын 3-нд цэргийнхэн Мухаммед Мурсиг төрийн эрхнээс зайлуулсан билээ. Одоогийн байдлаар Египетийн Ерөнхийлөгч асанд болон түүний ойрын хамтран зүтгэгч нартай холбоотой хэд хэдэн шүүх ажиллагаа болж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг