sonin.mn
Нар,хур, тэнгэрийн хишиг цогцлон бүрдэж Монгол даяа­раа цэцгэнд хучигдсан өнөө жил­ийн зун шувтарч цонхны маань цаана аргагүй л намар цаг хөвөрнө. Өглөө ажилдаа очихоор Офицеруудын ордны буудлаас автобусанд суунгаа цонхоор элдвийг ажиглан харж явах дуртай хүн л дээ би. 
 
Цонхны цаагуур сүлжилдэн өнгөрөх моддын навчис тоос шороонд дараг­дан зэгэл сааралдуу хараг­дах хэдий ч ихэнх нь аргагүй л буцаж яваа цагийн жамаар унаж ойчсоор дуусах нь ээ янз нь.
 
Намрын эхэн сарын энэхэн үеийг нэгэн жилийн хамгийн сайхан эгшин гэж би боддог. Хэдийгээр зэллэн ниссэн аянчин олон шувуудын сэтгэл сэмрүүлсэн уянгатайхан ганганаан дунд өнө холын дурдатгалууд сэргээсэн хөнгөн гуниг сэтгэлд эргэлддэг ч хамгийн уяралтай, хамгийн энхрийхэн улирал байдаг аа.
 
Яг л энэ цаг дор эрдмийн их аянд мордож хүний газар, холын их гүрэнд гэгээн залуу насныхаа баяр хөөртэй, дурсамж дүүрэн алтанхан өдрүүдээ өнгөрүүлж л яваа охин үрээ хачин их санадаг би. 
 
Оргилуун залуу насны минь сувд шигтгээ нь болсон охин үр минь “Ааваа та намар болохоор л яагаад гэгэлзээд байдаг юм бэ” гэж хэзээ ч билээ асууж байсан.
 
Тиймээ. Яг л өдийд хөндий талаар жихүүн цайвар бороо зүсэрч, хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэж л байгаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзээд хангинатал сайхан дуулмаар ч юм шиг аль эсвэл хөвөрч одсон он жилүүдийг эргүүлэн баринтаглаж, дурдатгалын гэгээхэн цагаан манан дотор завилж суухыг хүсдэг ээ би. 
 
Хөхүүртээ эсэх намрын айрагнаас хөндий талын үнэр сэнхийж шар тос амтагдана. Боржигон найр ид хавтгайрах үед “Нарийн сайхан хээр” шуранхай хадааж, зүүн талын жижиг гэрт үе тэнгийн залуус дэмбээ хөгжөөж суугаа.
 
Өдийд алтан говь нутагт минь хармагийн бут улаарч, уяатай ботгондоо яарсан харимал ингэний сүү борвио даган асгарч л байгаа. Жонжинхон тэшүүлж яваа ингэн тэмээний бөхөн завсраар зулзган загийн орой ногоорч жин үдийн аниргүйн дунд ижий говь дугхийж л байгаа.
 
Хармагийн бутны халтар толгойт гүрвэл зүүрмэглэж, их гэдэст голио түүнийг үргээхгүй гэсэн шиг гэтэн анин хоёр нэг гишгэлнэ. Гэрийн сүүдэрт тавьсан ингэний ааруул дэлгэц дүүрэн тос нэвчүүлж , орны хөлөөс аргамжаатай энхрий хүүхэд тооноор тусах нар даган мөлхөж ход ход инээж л байгаа. 
 
Хоног хоногоор ингэний сүү татрах авч хачин их өтгөрч цанхаатай тормыг гулгиулах шахна. Өнө холын дурдатгал амилж хүрэн дээлтэй өвөө минь хөтөлгөө морь­тойгоо сум руу шогшуулж яваа нь үзэгдэнэ. Яг л өдийд нутагтаа очсон хүмүүн эргэж харимааргүй бодогдоно.
 
Намрын эхэн сарын найраг эгшиг гадаа гэртгүй лимбэдэж л байгаа. Борог өвсний толгой бөхийсөн ч явган саарал того­рууны дэг­дээхэйг хорон нүднээс далдалж дөнгөнө. Толгодын энгэр үдшийн бүрийд цагаан хяруугаар мөнгөрөвч цохионы эхэнд тусах үүрийн туяатай уралдан уур манан савсуулсаар замхарна.
 
Хээр холхон хоносон үнээнүүд яраглан хивсээр жим даган дур­тай дургүйхэн цувахад, гэрийн сүүдэрт аахилж хэвтсэн дөрвөн нүдтэй банхар чимээ аван хав, хов дуугарна. Жижиг гэрийн яндангаар суунаг цэнхэр утаа бур­ги­лж эхний саамандаа гарсан эхнэр хүүхдүүдийн цов­оо дуун саахалтын хот айлд дуур­сана. 
 
Том таван ханатаас цаг­аан толгойтой өвгөн гадаалж тэн­гэрийн хаяаг саравчлан харна. Тэрт­ээд танан цагаан гэрүүд бөм­бийж яндангаар нь суунаглах аргалын утаа энтээ голын эхэнд хатируулж яваа нэ­гэнд өглөөний тунгалаг аг­аар­­­­тай холилдон тод соньхон үнэр­тэнэ.
 
Намар цаг гэдэг ийм л байдаг даа. Байзхө, радиогоор Б.Зангад гуайн “Алтан намар” дуурьсаж байна. Энэ чинь л намар шүү дээ.
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: