sonin.mn
Монгол Улс НҮБ-ын мандат дор Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, 2002 онд Бүгд найрамдах Конго улсад цэргийн ажиглагчаар илгээснээс хойш эдүгээ дэлхийн халуун цэг болсон 10 гаруй оронд 6000 орчим монгол цэрэг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн билээ. 
 
Эзэн Чингисийн үр удам, хөх толбот монгол цэргүүдийн суу алдар дэлхий дахинаа цуурайтаж, Судан, Өмнөд Судан, Чад, Ирак, Афганистан, Баруун Сахар, Этиоп, Ирак, Серра-Леьн дахь цэргийн баазууд монгол цэргийн нөмөр нөөлөг дор бүтэн нойртой хоноцгоодгоо ч нуудаггүй.
 
Өнгөрсөн хугацаанд монгол цэргүүд цог жавхаа, авхаалж самбаа, байлдааны бэлэн байдлаараа НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд ямагт шилдэг нь байсаар ирсэн. Тийм ч учраас монгол цэр­гүүдийг ихэвчлэн харуулын албанд дай­чилдаг гэх юм билээ.
 
Монгол цэр­гийн нүдний хурц хараа, ачаалал даах чадвар, биеийн тэнхээ, ямар ч нөхцөлд гайхамшигтай дасан зохицох чадварыг үнэлсэн НҮБ-ын энхийг дэмжих хүчин, НАТО-гийн удирдлагуудын зүгээс хамгийн хүнд нөхцөлтэй орнуудад монгол цэргийг илгээх сонирхолтой болсон гэдгийг одоо бид гадарлахтайгаа болсон.
 
Өглөө “сэрэхэд” команд өгөхөд өнөө хэдэн монголчууд л гялалзтал хувцаслаад гараад жагс­­чихдаг, дэргэд нь НАТО-гийн цэргүүд ухантсаар үлддэг гэх юм билээ. Монголчууд цэрэг эрсээ хэр­хэн яаж бэлтгэв, зориудаар шилж сонгоод явуулсан уу гэдэг ч НАТО-гийнхонд өнөө хэр оньсого хэвээр байгаа гэсэн шүү. 
 
Үнэн хэрэгтээ ерөөсөө л монгол хүний байж байгаа нь тэр, махан бие нь тэгж заяасан гэдгийг тэд төсөөлөх ч үгүй биз. Бас нэг бахархлыг онцлоход, АНУ-ын Номхон далайн цэргийн ерөнхий командлагч цэргүүддээ “Та нар энэ монголчуудыг сайн судал, эдэнд нэг л юм байна. 
 
Монголын түүх, монгол хүнийг сайтар судал, яаж цэргээ ингэж бэлтгэж чадав гэдгийг судал” хэмээн үүрэгдэж байсан тухай сураг сонссон юм байна. Монгол цэргийн нүдэнд нэг л өөр гал цог байна, огт өөр нүд гялалзаж харагдлаа хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2010 онд Монголд ирээд Таван толгойд Олон улсын цэргийн команд-штабын сургуулийн үеэр бахархан өгүүлж байсан нь өдгөө ч чихэнд минь хоногшсон хэвээр.
 
Монгол цэргийн хөлийн бул­чин яагаад ийм чанга байна вэ, яаж сургуулилж бэлтгээд ингэж чангаруулж чадав гэдгийг НАТО-гийн генералуудаас эхлээд олон улсын хамтарсан “Хааны эрэлд” бэлтгэл сургуулилтад оролцсон олон орны цэргийн дарга нар гайхан шагшдаг нь өдгөө хэвийн үзэгдэл болж. Ийм л цэрэг эрстэй Монгол Улс дэлхий дахинаа нүүр бардам, толгой гэдгэр явалгүй яах вэ.
 
Гэвч өнөөдөр цагийн байдал биш болжээ. Баруун Африкт дэгдээд байгаа Эбола хэмээх үхлийн вирусын бас нэгэн голомт болсон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандат дор энхийг дэмжих ажиллагаанд орол­цон үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн 850 цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулмаар байна. 
 
Өдөр бүр 50-60 хүний амь насыг авч одсоор байгаа Эбола вирусын халдварыг тогтоон барих боломжгүй байгаа талаар ДЭМБ-ын захирал Маргарет Чанг саяхан мэдэгдсэн байна лээ. 
 
Тэгвэл НҮБ-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Эбола вирус өдрөөс өдөрт хүрээгээ тэлж бай­на. Тиймээс аль ч улсын ир­гэдийг Африкийн орнуудад зор­чихгүй байхыг хүсье. НҮБ-ын шинжээчид энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж, хурдан эмчлэх аргыг олохыг хүсье” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Баруун Африкт дэгдсэн Эбола вирусыг эмчлэх багт үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын хоёр эмч тус ви­русээр халдварласан. Африкийн ор­нуудад АНУ эмч на­раа тодор­хойгүй хугацаагаар ил­гээх­гүй. Эбола вирус хүрээгээ тэлсээр байгаа нь хэтэрхий их эрсдэлтэй байна” хэмээн иргэдээ хамгаалсан мэдэгдэл хийгээд байгаа. 
 
Харин ядуухан Монголын удир­дагчид 850 бор цэргээ үхлийн аюултай газар руу илгээчихээд “Сард нэг цэргээс 1028 ам.доллар төрийн халаасанд орох учиртай хэмээгээд нүдээ аниад хэвтэхээс өөр аргагүй” гэсэн шүү юм бодоод л чимээгүй сууцгааж байна. 
 
Гэтэл сүүлийн үед үхлийн аюул­тай Эбола вирусээс дутахааргүй ч хорлонтой нэгэн эм Африкт энхийг дэмжиж байгаа монгол цэргүүдийн эрүүл мэндэд цагийн уртаар нө­лөөлсөөр байгаа нь тодорхой бо­лоод байна. Энэ нь халуун хумхаа буюу Маляри өвчний үед өдөрт нэг ширхэгийг уудаг эм гэнэ.
 
Цусны улаан эсэд халдварладаг шимэгчээр үүсгэгддэг энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд Монголын хэдэн бор цэрэг өдөрт нэг удаа тогтмол цагт тэрхүү эмийг ууснаар гурван монгол хүний нэгнийх нь элгэнд байдаг В, С вирусыг задалж өвчнийх нь дэгдэлтийг түргэсгэдэг байна.
 
Мөн түүнчлэн энэ эмийг тас­ралтгүй найман сар уусны дараа үс нь ихээр унаж, мартамхай болох, үр удмаа үлдээх чадвар нь эрс буурдаг нь тогтоогджээ. Халуун хумхаа, Эбола вирусын аймшиг дунд есөн сар алба хаагаад ирэхдээ ойролцоогоор 6000 ам. доллар цуглуулдаг ч ихэнх нь элэгний хатуурал, үргүйдэл, ой санамж муудах өвчинд хэтэрхий автагдсанаа оройтож мэддэг нь одоо нэгэнт үндэсний хэмжээний эмгэнэл болоход ойрхон байна.
 
Идэр залуу, эрүүл мэндийн хувьд цоо эрүүл 40 хүртэлх насны хэдэн бор цэргүүдээ сарын 1028 ам.доллараар үнэлэн аймшигт өвчний үүр болсон Баруун Африк руу хэдий болтол илгээх юм бэ. Байдлыг ажиглавал манай дээдсүүд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд дахин 10 жил оролцох сонирхолтой байгаа байж мэднэ. 
 
Харин тэрхүү амь өрссөн хүнд бэрх үүргийг гял цал болсон ге­нерал дарга нар биш, ардаа нэг насны амьдралаа аз сорин орхиод Африкийг зорин явж байгаа цэргүүд л гүйцэтгэх нь тодорхой. НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд гурван удаа оролцсон монгол цэр­гүүд эхнээсээ элэгний хатуурлаар хорвоогоос буцаж эхэллээ.
 
Энэ эмгэнэлтэй биш гэж үү. Учир байд­лыг мэдэх болсон зарим нь эрүүл мэндийнхээ танагтайд армиас ха­лагдаж, шинээр байгуулагдсан Та­харын алба руу орох сонирхолтой болжээ.
 
Тэгээд ч сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүрэг гүй­цэтгэх цэргийн багийн бие бүрэл­дэхүүнийг бүрдүүлэх тухайд тархиа гашилгах болсон байна.
 
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай журамд цэргийн албан хаагч нь сайн дураар үүрэг гүйцэтгэх учиртай гээд заачихсан байдаг тул олон удаа явсан энхийг дэмжигчид “сайн дураар” гэх тодотголыг иш­лэл болгон явахаас эрс татгалзах болсон гэнэ.
 
Учир иймд Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын удирдлагууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох ёсгүй хүчний байгууллагуудыг татан оролцуулдаг болсон аж. 
 
Одоохондоо хүчний байгуул­лагын дайчид нөхцөл байдал, хожуу ирэх эрсдлийг мэдэхгүй болохоор “чухамхүү надад олдсон ганц боломж” гээд л гүйлдэж буй байх даа. Тийм биш ээ, хөвгүүд ээ. Монголын төр ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээрээ энэ тухай ярилцах юм биш үү.
 
Заавал Африк тив рүү илгээгдэж, хумхааны эмээр эрүүл мэндээ хохироож байхаар өөр байдлаар Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож болохгүй гэж үү. Бүр болдоггүй юм бол Африкаас бусад оронд. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: