sonin.mn

Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн.

Тодруулбал, тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг тус төвд бий болгожээ. “Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр ургийн түнхний мултрал, бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, нүд сохрох зэрэг дөрвөн төрлийн өвчнийг оношлох боломжтой болсон байна.

Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд Эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд “Анагаахын удамзүйн лаборатори”-д технологийн шинэчлэл хийн зүрхний төрөлхийн гаж хөгжлийн оношилгоо-эмчилгээний 1,8 тэрбум төгрөгийн аппаратыг суурилуулжээ. Энэ онд ЭХЭМҮТ-д Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Анагаахын удам зүйн лабораторид хромосомын шинжилгээг 2013 оны 08 сарын 12-ны өдрөөс хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж 2, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж 2, бөгж хромосом 1) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Тус лабораториос эрсдэл бүхий 2334 жирэмсэн эхэд удамзүйн цогц шинжилгээ хийн, 37 эмгэг илрүүлж хяналтдаа авчээ. “Ажлыг маань бодлогоор дэмжиж, тусламж үйлчилгээний үр шимийг ард иргэд шууд хүртэж байгаа нь бидний хамгийн том амжилт” хэмээн тус төвийн эмч, ажилчид хэлэх юм билээ.

Мөн “Манай төвийн Анагаахын удамзүйн лабораторийн чадавх сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. 2014 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийх төсөл батлагдаж, ЭМЯ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Тус лабораторийн эмч, мэргэжилтнүүдээс андрологиор 2, эндокринологи ба эмбриологиор 2, лабораторийн чиглэлээр 1, мэргэжил дээшлүүлэхээр 1 мэргэжилтэн тус тус өндөр хөгжилтэй оронд суралцлаа. “Анагаахын удамзүйн лаборатори” нь 2014 онд шинэ технологийг төвийн хэмжээнд бүрэн нэвтрүүлнэ. Түүнчлэн нярайн скрийнинг, ялангуяа бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх чадавхитай болно” хэмээн тус төвийн захирал Ш.Энхтөр танилцууллаа.