sonin.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ үдэш сэтгэлд хоногшсон оросын аялгуунууд уянгалж, басхүү монгол цэргийн жавхааг илтгэсэн цоглог хэмнэлтэй дуунууд цуурайлж, зугаалахаар, салхилахаар ирсэн хүмүүсийн анхаарлыг татна.

Энд Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцохоор манай орны өнцөг булан бүрээс шалгарч ирсэн 75 залуу хэдий нь хөл гараа олж, алхаа нь жигдэрсэн байх нь бахтай.

Тэдэнтэй зам нийлэхээр ОХУ-ын Эрхүү мужаас хүрэлцэн ирсэн мөн 75 залуугаа угтан авч байгаа нь энэ. Орос залуус Хиагтын хилээр орж ирээд, Сэлэнгэ, Эрдэнэт, Дарханы нутгаар аялаад, өнөөдөр зорилго нэгт монгол залуучуудтайгаа уулзаад, цааш Хэнтий, Дорнод аймаг, 1939 оны дайны гал дүрэлзэж асан Халх гол сум хүртэл аялж, нийтдээ 5500 км замыг туулах ажээ.



Хоёр орны залуус ийнхүү аялахдаа ахмад үеийнхнийхээ дурсгалыг хүндэтгэж, дайны ул мөр, хөшөө  дурсгалыг сэргээн, үүх түүхийг нь судлахаас гадна хоёр орны ард түмний уламжлал, түүх соёл, урлагийн үзүүлбэрийг харилцан үзүүлж, хөгжилдөх ажээ.

Өнөөдөр дөнгөж уулзацгааж байгаа гэхэд дурсгалын зүйлс солилцохоос эхлээд л нүүр хагарцгааж, хамтдаа дуулж, хамтдаа бүжиглэж, хамтдаа хөгжицгөөж байлаа. Тэдний хамтын аяллын гараа ийнхүү дуу хуур, инээд наргиа, хөгжөөн хөөртэй эхэллээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ... Урагшаа залуус аа...